Гэгээн ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисийн Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд гадаадын 23 орны 53 хэвлэл мэдээллийн байгууллагын 160 орчим сэтгүүлч манай улсад хүрэлцэн ирсэн байна.
2023 оны есдүгээр сарын 1-ний өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч нарт зориулан “Бэсрэг наадам” арга хэмжээг зохион байгуулжээ.
Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалах, гадаадын хэвлэл мэдээлээр дамжуулан Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чухал зорилтын хүрээнд уг наадмыг зохион байгуулсан тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Энэ үеэр сэтгүүлчид эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг үзэн сонирхож, монгол ахуйтай танилцжээ.