Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн болон энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой.
Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 31 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өрнөж байна.
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисийг дагалдан тус улсын ерөнхий сайд, гадаад харилцааны сайд болон бусад ажлын албаны өндөр албан тушаалтнууд тэргүүтэй 200-аад зочин иржээ.
Хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг Гэгээн Ширээт Улсын номын сан, архивт хадгалагдаж буй харилцан солилцсон захидал, түүхэн баримт бичгүүд нотолдог юм.