Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисийн Монгол улсад хийх төрийн айлчлал эхэллээ.
Айлчлалыг угтан “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт шуудангийн маркийг худалдаанд гаргах ёслол өчигдөр Гадаад харилцааны яаманд болов.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Кардинал Луис Антонио Тагле болон албаны бусад хүн оролцсон байна.
Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Мөн түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, томоохон айлчлалыг тохиолдуулан тусгай марк гаргаж ирсэн “Монгол шуудан” компани, уран бүтээлчдэд талархал илэрхийлэв.
Кардинал Луис Антонио Тагле “Шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Энэ нь хоёр улсын ард түмэн, хүн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал” гэлээ.
“Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт маркийг 22,500 ширхэг хэвлэжээ.