Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилд зориулсан “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт нээлтийн хичээлийг хүргэж байна.
Тэрээр "Хүндэт хүүхэд багачууд, оюутан сурагчиддаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.
Монголчууд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс оюун санаа, эрдэм ухааны эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, эрдмийг хичээлээр сурдаг хэмээн үр хүүхдүүддээ сургаж хүмүүжүүлж ирсэн. Эзэн Чингис хаан Их Монгол Улсаа цогцлоон байгуулаад, байгуулаагүй төрд баатар эр хэрэгтэй, байгуулан дуусваас багш мэргэн хүн хэмээн айлдаж, олон газрын эрдэмтэн мэргэдийг удам угсаа үл ялган урин залж, төр түмний их үйл хэргийг төвхнүүлэн засахад түшиг тулгуур болгож байсан түүхтэй.
Их хааны 1220 онд зарлиг болгон байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод олон шатны сүм хийд зэрэгцэн оршиж, эрдэмтэн мэргэд хуран чуулж, монгол хаадын ивээл дор мэдлэг оюунаа сорин мэтгэлцэж байсан түүхтэй юм.
Монгол хүмүүний оюун ухаан, эрдэм бүтээл эгнэгт дэлгэрч байх болтугай!" хэмээв.