Монгол Улсын хилийн зурваст өөрчлөлт оруулж, тодорхой хэмжээний газрыг Хятад улсын талд шилжүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэгвэл худал мэдээлэл тараасан тухайн хоёр иргэнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрладаг хилийн отрядыг Гурвантэс сум руу шилжүүлж, улсын хилийн 15 км газар нутгийг хилийн хяналтаас гаргаж, БНХАУ-ын талд шилжүүлж өгсөн мэт ташаа мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Ташаа мэдээллийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг Эрүүгийн цагдаа болон Тагнуулын Ерөнхий Газраас олж, шалгаж байгаа. Монгол Улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй.
Манай улс БНХАУ-тай 1962 он хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд хилийг газар дээр нь тэмдэглэж, 1975 онд НҮБ-д урд хил бүртгэгдсэн. Манай урд хил бол НҮБ-д бүртгэгдсэн, эргэлтийн цэгийг нь өөрчлөх боломжгүй хил хязгаар юм. БНХАУ-тай хиллэж байгаа бүх боомт цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид үндэсний аюулгүй байдлын гэмт хэргийг тусад нь бүлэглэж зохицуулсан байгаа. Энэ бүлэгт дурдсанаар тухайн этгээд экстремист үйл ажиллагаа юу, үндэсний эв нэгдлийг алдагдуулах, бусад аль төрлийн гэмт хэргээр үйлдэж байгааг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Хил хязгаарын халдашгүй дархан байдал болон ард иргэдийг зэвсэгт тэмцэл, бослогод уриалан дуудаж буй мэдээлэл гарсан даруйд мэдээллийн эх сурвалжийг олж тогтоох, хуулийн хариуцлагад татах чиглэлээр ажиллаж байгаа. Одоогоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-аас энэ асуудалтай холбоотой ирүүлсэн мэдээлэл алга байна. Дотоодод тавигдсан мэдээ учир ирэх ч шаардлага байхгүй.
Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилийн шалгалтаа хамгийн сүүлд одоогоос 20 жилийн өмнө хийж байсан. Тухайн шалгалтаар бүх эргэлтийн цэгээ хоёр талаасаа баталгаажуулж, хилийн тэмдэгт багануудаа улаан боржин чулуугаар хийгээд орхисон. 20 жил тутамд шалгагдах хэлэлцээрийнхээ дагуу БНХАУ-тай хийх хилийн эргэлтийн цэгийн шалгалт ирэх 2024 оноос эхэлнэ.
Өмнөх түүхийг харахад,1962-1964, 1982-1984, 2002-2004 онуудын хооронд БНХАУ-тай хилийн шалгалт хийгдэж байсан. Харин Оросын Холбооны Улс (ОХУ)-тай хийж байсан шалгалт ЗХУ задарсантай холбоотойгоор нэлээн удаан үргэлжилж 1990-ээд оноос эхлэн 2002 онд дуусаж байсан. Одоо хэлэлцээрийнхээ дагуу хойд хилийн эргэлтийн цэгээ дахин баталгаажуулах ажил явагдаж байгаа.
Гол усны урсгал гольдролоос шалтгаалж, эрэг нурах, хилийн зурвас хөдөлж хөндөгдөхөөс сэргийлж геодезын аргаар 20 жил тутам шалгалт хийгддэг. Тухайн хилийн шалгалтаар 1,564,116 км кв газар нутгийн хэмжээ өөрчлөгдөх асуудал огт гардаггүй" гэлээ.