Үер усны аюултай нөхцөл байдал үүссэн, мөн цаашид өндөр эрсдэл үүсэх бүсэд байгаа Шунхлай шатахуун түгээх станц, S Outlet дэлгүүрийн хоёр блок барилга, "Авлига" хороолол буюу "Акуа Гарден" хотхоны хоёр блок барилгыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг удирдлагуудад нь танилцуулав.
Гэвч "Авлига" хороолол буюу "Акуа Гарден" хотхоны захиалагчид өмчөө хамгаалан зогсож эхэллээ. Энд Бартераар ажил хийж буй туслан гүйцэтгэгч компанийн төлөөлөл мөн ирсэн байв. “Эм Эм Жи” компани хотын захиргаа, БХБЯ-наас бүх зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулж байгаа талаараа удаа дараа мэдээлэл хийж байсан. Харин өнөөдөр Хотын даргын захирамжаар газрын зөвшөөрлийг нь цуцалж, нураах шийдвэр ийн гаргасан юм.
Энэ үеэр Хотын орлогч дарга Ж.Сандагсүрэн: “Акуа гарден”-тай холбоотой мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. 7844 мкв газарт байрны хоёр блок хамаарагдаж байгаа. Мөн адил энэ хэсгийг албадан буулгах дүгнэлт гарсан. Аль аль талдаа мэдээж хүнд шийдвэр. Миний ойлгож буйгаар 500 гаруй хүн захиалгаа өгсөн байна. Иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ мэдээж төрийг хохиролгүй болгох ёстой. Байгаль орчны дүгнэлт гарсан. Тиймээс аж ахуй нэгжүүдэд ижилхэн хандах ёстой. Миний хувьд ч гэсэн 24 давхар барилга нурааж байсан тохиолдлыг Монголд хараагүй. Мэргэжлийн байгууллагуудад хандаж шийдвэрлэнэ" гэлээ.