Монгол Улс 200 мянган тоннын батлагдсан ураны нөөцтэй бөгөөд үүгээрээ дэлхийд 12 дугаарт жагсаж байна. Манай улсын дөрвөн аймгийн 10 сумын нутагт цацраг идэвхит ашигт малтмалын чиглэлээр хайгуулын тав, ашиглалтын найман тусгай зөвшөөрлийг долоон аж ахуйн нэгжид олгожээ.
Эдгээрийн нэг болох Францын "Орано" компани Монголд Бадрах энержи ХХК /хуучнаар АРЕВА/ 1997 оноос Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуулын ажлыг эхлүүлсэн. Ингээд 2006 онд Дулаан-Уул, 2010 онд Зөөвч-Овоо ордыг нээн илрүүлж, сүүлийн 10 гаруй жил хайгуулын нөөцөө баталгаажуулах ажилд төвлөрч, одоо олборлолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Төслийн олборлолт ашиглалтыг хэрэгжүүлэхийн тулд хоёр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагатай. Иймд өнгөрсөн тавдугаар сард манай Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан, зургадугаар сард ажлын хэсэг төслийн талбайд ажилласан билээ.
Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Ажлын хэсэг ирэх намар гэхэд Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж Засгийн газар болон УИХ-д танилцуулна. Энэхүү ураны төсөл нь Монгол Улсын хувьд гуравдагч хөрш орны компанитай хийх томоохон Хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдоно. Тиймээс бид 2009 онд байгуулж байсан Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гаргасан алдаагаа давтахгүй, тийм эрх ч байхгүй. Нэгд харилцан ашигтай байх ёстой. Цаашлаад бүс нутагтаа, энэ салбартаа тэргүүлэгч тоглогч байх амбийцтайгаар Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байна" гэсэн юм.
Монголын Засгийн газар, Францын Орано компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэвэл Монгол Улс жилд 2500 тонн шар нунтаг олборлох боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тэгвэл Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах дөхөхтэй зэрэгцэн ураныг эсэргүүцэгчид хөдөлж эхэллээ.
Тухайлбал, ураны хор хөнөөлөөс болж ганц нүдтэй хүүхэд төрж, гурван нас хүрснийг "Бадрах энержи" ХХК нууж байна, уранаас болж ургийн гажигтай хүүхэд төрж, мал амьтан үхэж байна гэх мэдээлэл удаа дараа гарч байна. Үүгээр зогсохгүй Дорноговь аймгийн Улаанбадрах сумын зарим иргэн ураныг эсэргүүцэж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр бэлдэж байгаа аж. "Бадрах энержи" ХХК-г Монголд орж ирэхэд л байсан иймэрхүү үйл явдал Хөрөнгө оруулалтын гэрээ хийх дөхөх тусам хурцдана.
Бадрах Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардийн өгсөн мэдээллээр Францын Орано компанитай байгуулах энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэвэл 1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний дараа орох том хөрөнгө оруулалт. Оюу толгойн хөрөнгө оруулалт хийгдсэнээр манай улс, эдийн засаг, иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг бид мэднэ. Харин дахин бидэнд ийм хөрөнгө оруулалт оруулах гэж байхад эсэргүүцэх нь амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй адил билээ.