Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золжаргал:
-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан энэ жил цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Цагдаагийн байгууллагаас хичээл эхэлж байгаатай холбогдуулан нийт 1322 чиглэлд 4038 алба хаагчийг ажиллуулахаар хүн хүчний тооцоо гаргасан.
Хүүхэд гэрээсээ гараад сургууль, сургуулиа тараад гэр хүртэлх замд тэдний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Мөн сургуульд хүүхдийг хүүхдээр нь хүмүүжүүлэх, эрх зүйн мэдлэг олгох, нөлөөллийн ажлыг зохион байгуулах чиглэлээр “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийг ажиллуулж байна. Улсын хэмжээнд 538 сургуульд өсвөрийн сэргийлэгч бүлгэм ажилладаг.
Иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулаад худалдаа, үйлчилгээний газруудаар эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас хулгайлах болон залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон ажлуудыг төлөвлөж байгаа.