Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12-20 мянган хүн зочилдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг.
Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах зорилгоор ҮЦХ-д цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хориглодог. Гэвч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр дайран орж, мод цэцэгс талхлах, цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулж байгааг ҮЦХ-гээс мэдээлэв.
Цахилгаан дугуй буюу суррон, мопедыг 18-аас доош насны хүүхэд унаж байх үедээ осол гаргасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хариуцагчаар татагдах журамтай юм байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нар өсвөр үеийн хүүхдэдээ анхааруулж, хориглосон тэмдгээр талбай руу нэвтрүүлэхгүй байхыг ҮЦХ-гээс анхааруулж байна.