ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод олимпын бус дэлхийн топ спортуудын олон улсын анхдугаар наадам боллоо.
Тус наадамд 28 орны тамирчид 10 төрлөөр оролцсоноос Монгол Улсын Зэвсэгт хүчний долоон цэргийн алба хаагч туухай өргөлтөөр ур чадвараа сорин өрсөлдөж, өндөр амжилт үзүүлэв. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 58 кг жинд огцом өргөлтөөр дэслэгч Б.Анхзаяа (325) мөнгө, багийн төрөлд алт, 68 кг жинд огцом өргөлтөөр ахлагч ахлагч П.Ганзаяа (232) мөнгө, багийн төрөлд алтан медаль тус тус хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 68 кг жинд туухай өргөлтийн дэлхийн хошой аварга, ОХУ-ын Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академийн сонсогч Э.Буджав ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд хүрэл, +68 кг жинд ахлагч Л.Түвшинтөгс (150) мөнгөн медаль, 73 кг жинд ахлах ахлагч Б.Цэрэнбат (150), -95 кг жинд ахлах ахлагч Л.Билэгтбаатар (350) нар багийн төрлөөр тус бүр хүрэл медалийн эзэд болжээ.
Мөн +95 кг жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) ганцаарчилсан болон багийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж, хос медальтан болсон байна. Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний долоон цэргийн алба хаагч 11 багц медаль буюу хоёр алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Узбекстан Улсад есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээндээ мордож байна.