Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил, бодлогыг танилцуулж байна.
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Ерөнхий сайд олон талт үйл ажиллагаа явуулдаг учраас Түгжрэлийг бууруулах үндэсний хороон ажлыг дагнан явуулах боломжгүй байсан. Улмаар тус хороонд зохион байгуулалтын өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн.
Нийслэлийн түгжрэлд хамгийн их хамааралтай нь сургууль, цэцэрлэгийн асуудал буюу боловсролын салбар юм байна гэж үзээд өнгөрсөн оны хавар Л.Энх-Амгалан сайдад Үндэсний хорооны даргын ажлаа хариуцуулсан байдаг.
Уг асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хариуцаж байгаад Ерөнхий сайдын сүүлд гаргасан шийдвэрээр хавсарга байдлаар нэг сайд хариуцах биш, бодлогын хувьд тусалдаг, тусгай үүрэг даалгавар биелүүлдэг сайд байх нь зүйтэй гэж намайг Үндэсний хороон даргаар тохоон томилсон.
Багцлаад хэлбэл миний үүрэг бол Үндэсний хорооны дүрэмд зааснаар УИХ, Засгийн газрын түвшинд нийслэлийн үйл ажиллагаанд бодлогыг дэмжих. Шинэ сэргэлт, нийтийн тээвэр гэх бодлого, зорилт дээр анхаарлаа хандуулах үүрэг даалгавар өгөгдсөн байдаг" гэв.
Мөн тэрээр үргэлжлүүлэн "Намайг орж ирэхэд нийтийн тээвэр нэгдүгээрт гэдэг бодлого байгаагүй. Хотын асуудалд Засгийн газрын оролцох чиглэл орон зайг тодорхойлсон. Бодлого дээр будилаагүй, хэрэгжүүлэх асуудал байна. Нийтийн тээврийн шинэчлэл, холбоос зам дээр хөрөнгө тавигдсан.
Би Улаанбаатар хотын нийтийн тээвэр, зам, зорчилт хөдөлгөөн, хот төлөвлөлт гээд бүх асуудал руу орохгүй. УИХ-д Улаанбаатараас сонгогдсон болохоор зарим асуудалд оролцох үе бий. Хотын даргатай зэрэгцээд гамшиг, хог хаягдал, хот тохижилтын зэрэг хуулиар заагдсан үүрэгт ажилд нь оролцохгүй.
Анх намайг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдоод удаагүй байхад НИТХ, Хотын захиргаанаас, иргэдээс зааг ялгаагаа мөрдөхгүй байх вий гэсэн болгоомжлол байсан. Захиргааны эрхзүйн мэргэжлийн хичээлийг их сургуулиудад олон жил заасан учир эрх, үүргээ мэдэж, ажил хийж байгаа хэт дүр эсгэсэн байдлаас ангид байх ёстой бодлого баримталж байгаа.
Мөн өнгөрсөн саруудад түгжрэлийг бууруулах захиргааны олон арга хэмжээнүүдээс татгалзаж байсан. Өнөөдрийн байдлаар 2,882,000 гаруй хүн зорчилт хөдөлгөөн дээр захирагдаж байгаа. Энэ тооноос бидний ажлын гол чиглэл гарч ирсэн.
1,844,683 гаруй буюу 64% нь хувийн авто машинаар, 24% буюу 691 мянга гаруй хүн автобусаар явж байна. Бидний цаашдын зорилго бол автобус, хувийн машин хоёрын байрыг солих, чадвал тэнцүүлэх бодлого барих ёстой. Улаанбаатарчуудын 64% нь хувийн авто машинаар явж байхад түгжрэлийг яаж бууруулах вэ дээ.
Түгжрэлийг бууруулахын тулд хувийн машинуудын хэрэглээг хязгаарлах, бууруулах, шахах механизмыг ашиглах шаардлагатай болж байна. Дээрх 64%-ийг задалж үзвэл 44% нь ажилдаа ирж очих, 35% хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, 14% амралт, 14% бусад гэж байгаа.
Бүтэн жилийн хугацаанд Улаанбаатарт орж ирдэг машины тоо 59 мянгыг давсан. Өмнө нь энэ жилийн дотор орж ирдэг байсан. Жайкагийн судалгаагаар түгжрэлийн тааз 2025 онд тэг зогсолт болно.
Мөн 2030 онд нийслэлийн хүн амын тоо хоёр саяд хүрнэ. Тиймээс түгжрэлийг бууруулах биш улам дордуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Биднийг ингээд яриад сууж байхад нийслэлийн хүн ам, машины тоо нэмэгдэж байгаа" гэлээ.