Нийгэм, соёлын сэтгэл зүйч Хариад Уянгаа Хууль зүйн үндэсний хүрээлэнд ярьсан “Confirmation bias: Медиа дахь “lazy thinkers” лекцийг сонссоноо та бүхэнд хүргэж байна.
Аливаа нийгэмд оршиж байгаа хүний зан үйлийг тодорхойлогч universal зүйл нь соёл. Гэхдээ бүх хүн нэг төрлийн зан үйлтэй байдаггүй. Соёл хүний бодолд нутагшаад, зан үйлийг нь тодорхойлдог.
Хамгийн анхны нийгэмшил ээжээс эхэлдэг
Эхлээд хүн болох үйл явцаа ойлгох ёстой байдаг.
Хүн төрөөд хамгийн анхны нийгэмшил ээжээс эхэлдэг. Хамгийн анх бидэнтэй харьцдаг хүн ээж л байдаг. Ээжтэйгээ ямар харилцаанд ордог вэ гэхээр есөн сартайгаас өмнө dyadic харилцаа үүсдэг гэж үздэг. Dyadic харилцааг тодорхойлсон Макс Планкийн хувьслын онолын том институт байдаг. Тэд соёлын сэтгэл зүйн департаменттай. Тэр судалгааны төв нь өнгөрсөн жил Нобелийн шагнал авсан юм.
Dyadic харилцаа гэж юу вэ гэхээр бид хүүхдийг жаахан байхад “Алив, хаана байна” гээд ярьдаг. Ярихдаа зүгээр ярихгүй шүү дээ. Эмоцтой, нүүрний хувирал үзүүлнэ. Эхний есөн сард хүүхэд ээжийгээ дандаа хардаг. Хүний нүүрийг “уншиж” сурч байна гэсэн үг. Хүүхэд, ээж тоглоом гэсэн гурвалсан харилцаанд орж байдаг. Есөн сартайгаас хойш triadic харилцаанд ордог. Хүүхэд бусад обьект гэсэн харилцаа үүсдэг.
Гурван наснаас хойш хүүхэд “Тэр хүн ус руу хараад байна, ус уумаар байх шиг байна” гэх мэтээр бусдын бодол уншиж эхэлдэг. Бусдын туулж байгаа зовлонг ойлгож, өөрийгөө нөгөө хүний оронд тавьж төсөөлдөг. Бас нэг хөгжил нь хуурамч бодолд итгэж эхэлдэг.
Энэ бол муу зүйл биш. Хүүхдийг төсөөллийг нь яриулаад, “Тийм үү, тэгвэл яах вэ” гээд төсөөлөн бодох чадварыг нь хөгжүүлээд байвал хүүхэд өөрийгөө өөр нөхцөлд тавьж үзэх тал нь хөгжнө.
Хүнтэй харилцаанд оруулахгүйгээр хүүхдийг тусгаарлачихвал тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Хүн ярьдаггүй, ганцаараа өдөржин орхигддог хүүхдийн тархины зургийг харахад бүтэц, хэмжээ нь хүртэл өөр болсон байдаг.
Хүүхдийг жаахан юм чинь ойлгохгүй гэж хандах хэрэггүй. Хүүхэд төрсөн цагаасаа хүний нүүр царай унших инстинктэй байдаг.
Хүний амьдралын эхний гурван жил маш чухал.
Түүнчлэн ном уншаад ганцаараа сууж байгаа хүн ч нийгэмтэй харилцаж байна гэж үздэг.
Хүн болох гэдэг онцлог үүн дээр явагддаг.
Байнга бусадтай харилцаатай байх ёстой гэж зарим хүмүүс үздэг. Гэхдээ хүнд бас ганцаараа байж, тунгаах хугацаа хэрэгтэй. Тэгж байж толгой доторх олон бодлоо цэгцлэх нөхцөл үүсдэг.
Хүүхэд яаж сурдаг вэ гэхээр аав нь “Энэ багажийг ингэж ашиглана шүү” гэж зааж өгдөг, харуулдаг. Хүүхдийг шууд “Чи энэ багажийг ашигла” гэвэл чадахгүй шүү дээ. Өөрийн дасал болсон орчноосоо гараад, өөр орчинд орсон хүүхэд зааж өгөх, даган дуурайх хүн хайгаад байдаг. Аав хүүдээ эрдмээ зааж байхдаа технологи уламжлуулж байдаг. Хүүхэд мөнөөх технологийг сурч ашиглаж байхдаа “Сайжруулж болох юм байна” гэх мэтээр хөгжүүлээд явдаг. Нийгмээс сурдаг арга нь дуурайх.
Бидний өнөөдөр хэрэглэж байгаа технологи дандаа нийгмийн, соёлын түүхэн уламжлалтай байдаг. Санхүүгийн капитал гэж ярьдаг. Соёлын капитал байхгүй бол санхүүгийн капитал үүсэхэд хэцүү. Түүх, соёлоо ойлгох нь чухал гэдэг эндээс үүдэлтэй.
Тэд ба бид
Нийгмийн сэтгэл зүйн ухааныхан “Сэтгэл зүйн ухаан өөрөө WEIRD юм байна” гэж ярьдаг. WEIRD гэдэг нь барууны боловсролтой, аж үйлдвэрийн нийгмийн баян, ардчилсан нийгмийн оролцогчид дээр хийсэн судалгаанд үндэслэсэн байдаг. Судалгаа хийсэн орчин нь дандаа их сургуулийн орчинд оюутнууд дээр туршсан. Одоогийн сэтгэл зүйн ухааны судалгааны 68 хувь нь Америкт хийсэн. Үлдсэн нь Англи, Канад, Австралид хийгдсэн байдаг.
Манай нүүдэлчин нийгэм жишээ нь байдаггүй. Барууны сэтгэл зүйн онцлогийг нүүдэлчид дээр авчраад “Та нар ийм байх ёстой”, “Хүн ингэдэг тэгдэг” гэж ярих нь учир дутагдалтай.
Манай монголчууд individualist, эсвэл collective гэж яриад байдаг.
Individualist- жишээлбэл Европ суурьтай, аж үйлдвэрийн хотод амьдардаг соёлтой. Хүүхэдтэйгээ нүүр тулж харьцдаг. Баруунд ээж нар хүүхэдтэйгээ хугацаа зарцуулж ярилцдаг. Би гэхэд соёлын ялгаа олж хараад байдаг. Заавал өөдөөс харж ярих гээд байдаг. Би өөр соёлд өссөн болохоор өөр тийшээ харахаар “Чи намайг сонсохгүй байгаа юм уу” гэдэг.
Collective гэж яриад байгаа судалгааг нь задлахаар ихэвчлэн Африк, Ази тивд хийсэн байдаг. Тэнд хүүхдүүд нь олон асран хамгаалагчтай. Collective соёлтой хүмүүс хүний биед хүрч ярьдаг. Манайхан хүний хөлөн дээр гишгэчихээд гар барьдаг шүү дээ.
Individualist нийгэмд харин тоглоом бариулдаг.
Барууны нийгэмд хүүхдээ багаас нь тусад нь унтуулдаг. Манайхан болохоор хамт унтдаг.
Барууныхан болохоор маш их асуулт асуудаг. Америк кино үзвэл тэр байдал нь тод харагддаг. Багшаасаа шууд асуулт асуугаад яриад байдаг. Манайд ингэвэл “Ямар аймаар хичээл үймүүлдэг хүүхэд вэ” гээд хүлээж авдаггүй.
Манайхан бие биенээ шүүмжилдэггүй. Эвтэйхэн хэлдэг. “Яваандаа ойлгох байх аа” гэдэг. Эсвэл хэрэг тарьчихвал гэр цэвэрлээд байдаг шүү дээ. Нүүдэлчний independent судалгаа огт байдаггүй.
Гэтэл манайхан яалт ч үгүй ялгаатай байдаг.
Барууныхны уурлаад байдаг зүйл дээр манайхан уурладаггүй. “Чи яагаад уурлаад байгаа юм бэ” гэж хэлмээр санагддаг. Миний соёлын ялгаатай байдал илрээд, өөрөө түүнийгээ анзаарахгүй өөрийнхөөрөө шүүгээд байгаа байхгүй юу.
Нүүдэлчдийн судалгааг бид өөрсдөө хийх ёстой. Стэнфордын их сургуулийн соёлын судалгаанууд дээр суурийг нь тавьчихсан байгаа юм. Монголчуудын хувьд хүндэтгэлийн харилцаа чухал байдаг. Үл хүндэтгэсэн тохиолдолд шууд уурладаг. Нүүдэлчин хүмүүс үл хүндэтгэсэн нөхцөлд уурладаг юм шиг байна гэсэн судалгаа байна. Түүнээс дэлгэрүүлээд, цаашаа судлаад явах боломжтой.
Залуус яагаад Монголоос явах эрмэлзэлтэй болчихоод байгаа юм бэ?
Сошиал айдэнтити чухал ойлголт болох гээд байна. Ерөнхийлөхөд нийгмийн айдэнтити нь бүлэг хоорондын зан үйлийг тодорхойлдог. Хувийн айдэнтитиг яаж бүрдүүлээд байгаа гэхээр тааламжтай, тааламжгүй бүлэг байдаг. Бид дандаа бүлгийн харилцаанд оролцож байдаг. Миний дотор оршиж байгаа айдэнтити ганц биш. Хүүхдүүд маань намайг ээж гэж харна. Гадаадад бол би монгол. Өнөөдөр бол би судлаач. Зарим хүний хувьд би ангийн охин. Өөр нэгний хувьд жиргээч. Үүнээс гадна намайг “Социализм байгуулах хойч үе” гэж харж байсан цаг үед би төрсөн. Энэ цаг үеийг бид халсан. Тухайн нийгэмд “Байх ёсгүй” гэж үзэж байсан соёлын суурь яалт ч үгүй манай соёлд байдаг.
Манай залуу үеийнхэн яагаад Монголоос явах эрмэлзэлтэй болчихоод байгаа юм бэ? Дээр дурдсан тааламжтай болон тааламжгүй нийгмийн айдэнтити нөлөөлдөг. “Хөдөөний” гэдэг бүлэгт орохгүй байх юмсан гэж хичээдэг. Тааламжгүй хүний тоонд орохгүй байхыг хүн хүсдэг. Нүүдэлчин гэдэг сууриа буцааж авчрахын тулд өөрсдөө эхлээд сайн ойлгох ёстой юм билээ. Монгол гэдгээрээ бахархдаг болохын тулд эерэг байдал хэрэгтэй. Нүүдэлчин байх нь маш гоё, соёлтой гэж ойлговол хүн “Би монгол шүү дээ” гэж тодорхойлох нь тод болоод эхэлдэг. Хамаарах хүслийн нөлөө хүчтэй болж эхэлдэг. Бидний нийгэм, соёл түүх ийм шүү дээ гэж суурийг нь бэлтгэх учиртай. Бидний түүх, соёл гэж яриад байдгийн ач холбогдол нь ижилсэлээ л үүсгэх гээд байгаа юм.
Ер нь жиргээн дээр бид бодлоо уншуулаад байж байдаг шүү дээ
Ижилсэл судлах нь эрх мэдэл судлах суурь болдог. Улс төрийн сэтгэл зүйд энэ элементүүд ордог. Ижилсэл нь сөрөг байвал бүлгээ хаяж явахыг эрмэлздэг. Бүлэгтээ хамаарахгүй байх боломж хайдаг. Бүлгээсээ гарах боломжгүй бол эерэг болгох боломжтой. Эмэгтэйчүүд муухай гэвэл би эмэгтэй учраас энэ бүлгээс гарах боломжгүй. Ижилслийнхээ өөр хэсгийг тодруулж болдог. “Эмэгтэй байх гоё ш дээ. Ээждээ хайртай биз дээ” гэхээр хүмүүс дуугүй болчихдог шүү дээ.
Улс төрийн сэтгэл зүй юу судалдаг гэхээр бие биенээ дээрэлхэж байна уу, яаж дээрэлхэж байна, аль үнэт зүйлээ барьж байна гэдгийг үздэг. Улс төрийн хамааралтай болонгуутаа дарангуйллыг дэмжээд байна уу, ардчиллыг дэмжээд байна уу?
Аль бүлэгт хамаарсанаараа хүмүүнлэг байдлыг дэмжих үү, дайныг дэмжих үү? Энэ нь эмоцийн түвшинд байна уу бодлын түвшинд байна уу гэдгийг харж болдог. Санаатай бодол уу, санаандгүй бодол уу гэдгийг бас харж болдог. Хувь хүнийх нь үү, бүлгийнх нь санаа бодол уу гэдгийг харж болдог. Ер нь жиргээн дээр бид бодлоо уншуулаад байж байдаг шүү дээ.
“Уянгаа нэг ийм хүн дээ” гээд бид тодорхойлчих гээд байдаг. Хувь хүний зан чанар нийгэмд яаж оролцсон туршлагаас нь хамаарч байдаг.
Төлөв даруу хүн байснаа юм болгон дээр хяхагдаад байвал ууртай уцаартай л болчихно шүү дээ.
Газарзүйн байдал бас хамаатай. Нүүдэлчин юм уу, хотынх уу гэдэг хүнийхээ түвшинд ялгаатай. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүний мөн чанарт яаж нөлөөлдөг нь улс төрийн сэтгэл зүйд ордог.
Ардчиллыг дэмжих үү, дарангуйллыг дэмжих үү гэдэг үнэт зүйл нь.
Нийгмүүдийг харьцуулсан судалгаа байдаг. Өөрийгөө илэрхийлэх үнэт зүйлтэй гэдэг чөлөөтэй болох гээд байна шүү дээ. Амьд үлдэх, тэсч үлдэх үнэт зүйлтэй, “Амьдрал бол өрсөлдөөн шүү дээ” гэж ярьдаг хүмүүс байдаг даа. Тэд өөрсдийн үнэт зүйлээ яриад байгаа юм. Нөгөө бүлгээ яаж төсөөлж хардаг гэхээр яг үнэндээ адилхан хүмүүс байж, өөрсдийнхөө нутгийг бол ивээгдсэн гэж үздэг бол бусад нь болохоор хөгжилгүй гэж үздэг зэргээр нийгмийнх нь сэтгэл зүйг харуулсан зураглал байдаг.
Шийдвэр гаргалтад юу нөлөөлдөг гэхээр хугацаа. “Гялс сонголтоо хийгээрэй” гээд юу ч юм нэг юм сонгоод, сүүлдээ тэр нь таалагдах таалагдахгүй юм болдог. Сонголтгүй, цаггүй, нөөцийн хомсдолтой бол бидний боловсрол, эрүүл мэнд бүгдэд нөлөөлдөг.
Баян, ядуу анги гэж яриад байдаг. Түүнээс доош орчихоор шийдвэр гаргалтад юу нөлөөлдөг вэ. Нөөцийн хомсдолд орохоороо хүн өөрийгөө удирдаж чадахаа байдаг. Ухаантай, тэнэгтээ биш нөөцийн хомсдолтой холбоотой юм байна. 60 улсад хийсэн чанарын судалгаа байна. “Ядуу бол чамд ямар ч эрх мэдэл байхгүй шүү дээ” гэж хариулж байгаа юм. “Ядуурал өөртөө итгэх итгэлийг алга болгодог” гэж байгаа юм. Бид түрүүн харилцан яриа чухал гэж ярьсан даа.
Баян хүн бол цаг хугацаа, шийдвэр гаргалтын хувьд асуудалгүй. Нөхцөл байдлыг хянаж чаддаг. Ядууралд өртсөн хүн нөөцийн хомсдолд орчихсон, тэр нь сэтгэхүйн чадварт нь нөлөөлөөд байдаг.
Нэг ийм судалгаа байдаг.
Бороо орсон жилүүдэд тухайн нийгмийн стрессийн түвшин доогуур байснаа хуурай болоод эхлэнгүүт өсөөд эхэлдэг. Бидний стресстээд байгаа маань орчны, нийгмийн нөлөөтэй.
Нөөцийн хомсдол цаг хугацааны төсөөллийг ч өөрчилдөг.
Бид эзгүй арал дээр ганцаараа амьдардаг биш. “Чи л хичээвэл болно” гэдэг тохиромжтой биш. Хүн орчин ахуйгаасаа маш их хамаардаг. Амьдарч байгаа газар нутгаасаа хамаардаг.
Нас ахих тусмаа хүн ухааждаг. Хүн үхэн үхтэлээ тархи нь хөгждөг. Нас ахихаар өргөн хүрээний нөөцийг нийгэмдээ хэрхэн хүртээмжтэй байлгах талаар санаа тавьж эхэлдэг. Энэ бол нийтлэг үзэгдэл юм билээ. Өмнө нь би өөртөө, хүүхэддээ л гэж бодоод байсан бол нас нэмэгдэхээр өргөн хүрээнд сэтгэж эхэлдэг.
Хүний хөгжил талаас нь харвал нялх хүүхэд тэгш бус байдлыг маш сайн анзаардаг. Ой хоёр сартай хүүхэд тэгш бус байдлыг анзаарч эхэлдэг. Туршилтад оролцуулахаар тэд тоглоомоо хуваалцаад байдаг.
Нэг авшуутай зүйл нь хүн амын ихэнх хэсэг нь бусдыгаа дарангуйлах бодолгүй байдаг.
Яаж шийдвэр гаргах вэ гэдэг процесс яаж хийгээд байгааг үздэг.
“Рационал тэнэгүүд”
Инээх, уурлах, гайхах гэх мэт суурь эмоциос бусад нь соёлоос хамаардаг. Антионо эмч ухаантай, логик сэтгэлгээтэй өвчтөнүүдтэй ажилладаг. Гэхдээ л өвчтөнүүд нь бусдын эмоцийг мэдрэх чадваргүй. Ийм өвчтэй хүмүүсээр тоглоом тоглуулдаг. Хоёр сонголттой. Хоёр сайн хөзөр, хоёр муу хөзөр өгдөг. Аль нь хожихыг үздэг юм байна л даа. Тэгсэн чинь эрүүл эмоцийн хөгжилтэй хүмүүс нь дандаа сайн хөзөр сонгоод хождог. Өвчтөнүүд нь муу хөзөр сонгоод хожигдоод байдаг. Яагаад гэвэл эмоци мэдрэхгүй. “Яана аа, хожигдчихлоо, ахиж ийм алдаа хийхгүй шүү” гэх бодол байдаггүй.
Тэгэхээр хожигдоод эмоци мэдрэх гэдэг чухал байгаа биз.
Тэр хүн мэдлэгтэй, анхаарал сайтай, ой тогтоолт сайтай, ярианы чадвар мундаг, бүх тооцооллыг хийж чаддаг. Ямар нэг өгөгдөл өгөхөөр логикийг нь шууд олдог. Гол нь шийдвэр гаргалтын алдаа болоод байсан юм нь эмоци мэдрэхгүй байсан.
Бидний мэдрэмж зохистой байдлыг олоход том хөшүүрэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Эдийн засгийн онол хүн өөрт ашигтай байдлыг хайдаг гэдэг. Орчин үед өөрт ашиг хайдаг гэж үзэх нь буруу юм байна гэж үзэх болсон.
Хүн өөрт ашигтай байдлыг бус сайн уу, муу юу гэдэг дүгнэлт хийдэг юм байна. Адам Смитийг ярьдаг ч түүний мэдрэмж, ёс суртахууны тухай бичсэнийг нь ярьдаггүй. Үүнийг нь ойлгож байж бид эдийн засгийн ухааныг ойлгох юм байна.
Юмыг тодорхойлоход эргэн тойрны сонголтын хүрээнээс шалтгаалдаг. Хэрхэн бидэнд тайлбарлаж өгсөнөөс шалтгаалдаг.
“Онцгүй хүн дээ” гээд хэлчихвэл анх харж байгаа хүнээ өмнө сонссоноороо дүгнэчих гээд байдаг.
Сармагчинтай туршилт үзэж байсан уу. Ээжийгээ алдсан сармагчингийн зулзаганы ойролцоо хатуу төмөр саван дээр угжтай сүү байрлуулсан. Гэтэл сармагчин сүүг бус ээжийг нь санагдуулах зөөлөн дэвсгэрийг сонгоод өлсөөд үхчихдэг. Энэ нь юу гэж байна гэхээр бидэнд нийгэмдээ хамаарах хүсэл өндөр байдаг.
Шимпанзе, хүний хүүхдийг харьцуулсан туршилт бий.
Сармагчны төрөл маш логик сайтай. Хүний хүүхэд нийгмийн процедур дагадаг. Утгагүй байсан ч бүлгийн соёлын нөлөөг дагадаг. Хүний төрөл коллективээр амьдардаг. Манай нийгэм юу гэж бодож байна гэдгээс эхлээд бид туйлширдаг.
Бид нийгэмтэйгээ хамаарах хүсэл өндөртэй.
Түүнээсээ болоод бидний шийдвэр бусдаасаа хамаарч байдаг. Бүлгийн хэм хэмжээ чухал байдаг. Хэм хэмжээ нь бүлгийн соёлын нөлөөгөө дагадаг. Коммунист нам гэдэг өөрийн соёлтой бүлэг. Хүн дотор нь орчихоороо уусдаг. Ямар сонин юм бэ өөрчилнө гэсэн хүмүүс дотор нь ороод алга болчихоод байх юм гэдэг.
Нам уу, бодол уу?
Өгөгдөл нь нийгмийн хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, халамж хүүхдийн тэтгэмж өгцгөөе гэдэг. Нөгөө нь багасгая гэдэг. Хоёр өөр төрлийн намын сонголттой. Тэр хүн аль намд хамаарч байгаагаасаа шалтгаалаад, өөрийнх нь нам байвал хувийн суурь зарчим зөрчигдөж байсан ч хамаагүй намаа дэмждэг.
Тэр л аймаар сайн гэж бодож байхад нь эсрэг факт гараад ирвэл “Чи л дутуу судалчихаад ингээд байгаа юм биш үү” гээд хүн рүү нь дайрч эхэлдэг. Ялгаатай факт дэлгэж байгаа хүнийг “Чи өөрөө юу юм” гээд хүнийг нь ярьдаг. Эргэн тойрны хүмүүсээс дэмжлэг хайж эхэлдэг. Жиргээн дээр олон лайктай бол энэ бараг зөв байх гэж төсөөлчих гээд байдаг.
Сошиал медиа дахь уур бухимдал хийгээд бодит байдал өөр. Онгоц сүйрлээ гэсэн мэдээ хараад бөөн уур болдог. Гэхдээ онгоц сүйрэх магадлал маш бага. Жинхэнэ аюул нь хавдар, зүрхний шигдээс маш эрсдэлтэй байхад сошиал дээр бол энэ асуудалтай гэж тооцогддоггүй.
Мэдээлэл яаж өгөгддөг вэ?
Зориуд санаатайгаар төөрөгдүүлэх зорилготой мэдээлэл түгээх нь бий.
90 хувь нь бодит мэдээлэл бичээд, төөрөгдүүлмээр байгаа мэдээллээ тавхан хувьд нь шингээдэг. Зориуд хүний хувийн мэдээллийг цацах гэх мэт хорон явуулга ч бий. Медиа нөлөө гэж юу вэ?
Украины дайныг Оросууд өөрөөр хараад байна гэсэн BBC-гийн мэдээ байна. Мэдээллийг бодит эсэхийг шалгасан байна. Төөрөгдүүлэх мэдээлэл яваад байгаа учраас факт чек Монголд ч хийгддэг.
Оросууд анх украйнчууд нацистуудыг дэмжиж байгаа мэтээр мэдээлэл хийсэн. Барууныхан болохоор оросуудыг дэмжиж байгаа юм шиг улсад нь жагсаал хийж дэмжиж байгаа юм шиг үзүүлбэр хийгээд байгаа юм. Өөр нэг түгээмэл арга нь сэтгэгдэл хэсэгт олноороо дэмжиж байгаа юм шиг харагдуулдаг. Хүн бүлэгтэйгээ хамаарах хүсэлтэй байдаг. Бусад хүн юу гэж бодож байна гээд харахаар бүгд Оросыг дэмжихээр “Яана аа, би ганцаараа байгаа юм байх даа” гээд өөртөө эргэлзэх гээд байна.
Орос улс Украйныг хэрхэн харах талаар хэвлэл ашиглаж нөлөөлж байгаа юу эсвэл BBC хэвлэлээ ашиглаж, Оросын талаар нөлөөтэй мэдээ цацаж байгаа юу. Аль алиныг нь бодох л асуудал.
Медиа нийгмийн бодол санааг чиглүүлж байдаг. Нийгмээрээ юу гэж бодохыг бүтээдэг. Медиа иргэд нийтээрээ юу гэж бодох урдач өгөгдөл болдог. Яагаад бид хэвлэлийг аятайхан ажиллахыг шаардаад байдаг гэхээр бид бөөндөө юу гэж бодохыг хэвлэл чиглүүлээд байдаг. Телевизийн мэдээ харсаны дараа гараад явж байтал төстэй юм таарахаар “Ертөнц ийм байгаа юм байна” гээд төөрөлдөж эхэлдэг. Хайрцгийг яаж эвдэх вэ?
Хуурамч мэдээллийн эрин
1. Хөрс Хуурамч мэдээний эриний хөрсийг яаж бэлддэг вэ?
Иргэдийн бие биендээ итгэх итгэлийг алдагдуулах замаар хөрсийг бэлддэг. Үүний тулд зорилготойгоор нэг нэгээр нь гаргаж ирж “муулдаг”. Энэ нь иргэдийн бусаддаа итгэх итгэлцлийг “алж” байдаг. Нэг л их том дайсан байгаа мэтээр итгүүлдэг. Ялгаварлах сэдэл төрүүлнэ. “Энийг хараач, ямар муухай юм бэ” гэх хандлагыг өдөөнө. Товчхондоо матаасын соёл бүрдүүлнэ.
2. Тайлбар хийлгүй орхих. Өөр арга нь маш ховор болдог үйл явдалд тайлбар хийхгүй байх нь ч хуурамч мэдээ тархах хөрс нь болж байдаг. Талбай дээр нэг залуу хүн өөрийгөө шатаасны дараа хэн ч тайлбар хийгээгүй. “Яг юу болчихов” гэсэн асуулт бидний бодолд удаан хугацаанд оршоод үлдчихсэн. Тайлал огт өгөөгүй. Энэ нь мөн төөрөгдөл суулгаж байдаг.
3. Эмоци өдөөх. Эмоци хөдөлгөсөн мэдээ цацах. Одоогоор хойд хөршийн хийдэг стратегиэс харахад хүүхэд хүчирхийлсэн хэргээр дамжуулж цаазын ял сэргээх тухай ярьдаг. Ер нь хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлыг улс төрийн зорилготой хөнддөг. Ахиад л төөрөгдлийн хөрс. 4.Selective. Сошиал дээрх худал хуурмагт хариуцлага хүлээлгэлгүй яваад байдаг. Сүүлдээ энэ нь байж болох зүйл ч юм шиг нийгмийн хэм хэмжээг тогтоогоод байна л даа. Ингэчихээр хүмүүсийн сонголт хоёр туйл руугаа харваад явчихдаг. Нэг бол таалагдаагүй мэдээллийг сонсохгүй байх, эсвэл таалагддаг хүмүүстэйгээ л нийлэхийг илүүд үздэг. Үр дагаварт нь поляризаци бас популизм ихэсдэг. Нийтийн эрүүл мэнд ч доройтдог.
5. Хар цагаанаар сэтгэх “Чи ийм биш бол тийм байх ёстой” гээд хар, цагаанаар сэтгэдэг хүмүүс байна. Тэр хүмүүсийн мөн чанар нь нийгэмшил муутай нийтлэг шинжтэй байдаг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж дорой байдаг. Хэрүүл хүчирхийлэлтэй байхыг зөв гэж бодно. Дарангуйлагч дэглэмийг дэмждэг. Өөрийгөө эрх мэдэлгүйгээ мэдэрч байдаг. Хүнтэй дайсагнаж харилцдаг, энэ яг тэгсэн байх гэж харддаг. Нийгмээс айдаг. Энэ л зөв байх ёстой, энэ хүн л биднийг аварна гэж итгэдэг.
6. Lazy thinkers
Бидний дунд “Аа тэгсэн юм уу” гээд эхний мэдээнд шууд зөнгөөрөө итгэдэг хүмүүс бий. Хуурамч мэдээлэл тархахад зорилготой хүмүүсээс илүү шалгаж, нягталдаггүй залхуу хүмүүс нөлөөтэй байдаг.
7. Зорилготой бүлэг
Зорилготой хүмүүс гэж бий. Дургүй хүнээ матаад хэн ч биш болгочих юмсан гэж хүсдэг. Эсхүл тэд өөрийнхөө итгэлээ баталгаажуулах зүйл л хайдаг. Сөрсөн баримт байхад тэрийг нь үл хэрэгсээд өөрийн итгэхийг хүссэн мэдээллийг цуглуулдаг. Өөрийнхөө бодлыг баталгаажуулах зүйлд илүү ач холбогдол өгдөг. Алинд нь ач холбогдол өгөх нь бас л тэдний сонголт.
Энэ бүхнийг сөрөхөд ямар хүмүүс хэрэгтэй вэ?
Сошиал медиад үзэл бодлын лидерүүд байдаг. Чамайг ингэж бод гээд халбагдаж тавиад өгсөн юмыг “Юу гэж ийм байдаг юм” гэж зоригтой дуугардаг хүмүүс “Нээрээ ийм юм гэж юу байсан юм бэ” гэж эргэцүүлэхэд хүргэдэг. Та бас ийм хэрсүү байгаарай.
Эх сурвалж: NIO.MN