Баянзүрх дүүргийн ИТХ-аас үерт өртсөн иргэдэд туслах асуудлаар дараах шийдвэрийг гаргаснаа танилцуулав..
Дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр:
-Дүүргийн ИТХ-ын 14 дүгээр ээлжит хуралдаан өнөөдөр болж, хоёр асуудал шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, дүүргийн Онцгой Комиссоос Дарь-Эхэд үерт өртсөн өрхүүдэд таван сая төгрөгийн дэмжлэг олгох саналыг дэмжлээ. Үерт өртсөн өрхөд өнчин, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд байна. Эмнэлэгт хэвтэж байгаа, орон гэргүй болж айл дамжсан, цэцэрлэг, сургуулийн хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж чадаагүй, гудамжинд гуйлга гуйгаад суух нөхцөл байдалтай байгаа.
Тиймээс дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр үерт өртсөн газар дээр очиж ажиллаад, 383 өрхөөс нэн шаардлагатай 280 өрх тус бүрд таван сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэлээ. Дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлаасаа танаж, энэхүү тусламжийг өгөх юм.
Тусламжийн мөнгийг дулааны улиралд иргэдийн данс руу нь шилжүүлэх ажлыг хурдан зохион байгуулна
БЗД-ийн Засаг даргын орлогч Б.Жаргалсайхан:
-Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн албан хаагчдын хамтарсан гурван баг 383 өрх дээр ажиллаж, 280 өрхөд дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүнд үндэслэн үерт өртсөн эдгээр өрх бүрд таван сая төгрөгийн тусламж үзүүлэх шийдвэр гарч байна.
Анхан шатны санхүүгийн баримт бичгийг бүрдүүлээд иргэдтэй холбогдож, тусламжийн мөнгийг дулааны улиралд данс руу нь шилжүүлэх ажлыг хурдан шуурхай зохион байгуулна.