Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа ч ашиглалтад ороогүй, засвар нь бүрэн дуусаагүй сургуулиуд нийслэлд байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил гацсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус сургуулийн өргөтгөл буюу бага сургуулийн барилгыг 2018 онд барьж эхэлжээ. Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн бага сургуулийн хүүхдүүд Хөдөлмөрийн дээд сургуульд хичээллэсэн байна. Энэ сургуулийн байр бага ангийн хүүхдүүд хичээллэхэд тохиромжгүй, ангиуд нь харанхуй, хүйтэн. Гэвч энэ хичээлийн жилд хүүхдүүд дахин энд хичээллэнэ.
Сургуулийг барьж буй “ПГС” ХХК өргөтгөлийг барих дөрвөн тэрбумын тендерт 4.6 тэрбумын саналаар ялсан. Ингээд ажлаа эхэлсэн ч дахин 2.9 тэрбум төгрөгийг улсаас шийдэж өгөхгүй бол барилгыг ашиглалтад оруулж чадахгүй болсон аж.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг барилгын ажлын дутуу үлдсэн таван хувийг гүйцээх 2.9 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулна, ажлаа хурдан дуусгаад хүүхдүүдийг аюулгүй, эрүүл орчинд сургах боломж олго гэдэг шаардлагыг компанийн удирдлагуудад тавьжээ.