Өнгөрөгч шөнө Дорноговь аймаг, Сайншанд сумын нутагт 18-25 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 2, 6, 8-р баг, Сайхандулаан сумын нэгдүгээр багт орчим гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ.
Хүчтэй шуурганд Сайншанд суманд 18, Сайхандулаан суманд найм, нийт 24 өрхийн гэр нурж, Сайншанд суманд есөн хүлэмж, хоёр байшингийн дээврийн төмөр хууларч, нэг автомашин, нэг байшингийн цонх хагарсан байна. Сумдын багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр тухайн айл, өрхүүдэд очиж нөхцөл байдалтай нь танилцжээ.
Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Драгон” худалдааны төвд өчигдөр гал гарч байна гэсэн дуудлагыг 13:29 цагт хүлээн авсан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид шинээр баригдаж байгаа барилгын хашаанд хураалгаатай барилгын материал, долоон давхар барилгын зүүн урд тал хэсгийн гадна тал болон барилгын дотор эд хогшил, бараа материал шатаж байсныг унтраасан байна.
Галын газарт Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 40 минут тус тус ажилласныг мэдээллээ.