Монполимет Групп Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу бүрэн төлж дуусгасан талаараа мэдэгдлээ.
Монполимет Групп нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас нийт төслийн хөрөнгө оруулалтын 20 хувьд буюу зээл олгосон үеүдийн дундаж ханшаар 126.6 тэрбум төгрөг зээл авснаас 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж дуусгажээ. Зээлийн эргэн төлөлтийг зээл авсан даруй буюу 2015 оны нэгдүгээр сараас эхлэн төлж нийт 40 гаруй удаагийн тасралтгүй эргэн төлөлт хийж гүйцэтгэсэн байна.
Энэ талаар Монполимент группийн Ерөнхийлөгч Н.Мөнхнасан "Бид эхлээд хэрэглээний зээл, хүнд үйлдвэрлэлийн (heavy industries) бүтээн байгуулалтын зээлийн ялгааг ойлгох хэрэгтэй. Аж үйлдвэржилтийн төслийн санхүүжилт, тэр дундаа цементийн үйлдвэрийн эргэн төлөгдөх хугацаа олон улсад дундажаар 13-15 жил байдаг. Урт хугацааны санхүүжилт шаарддаг учир хувийн хэвшил тэр болгон зориглон ордоггүй. Ихэвчлэн улс орнуудын төр бодлогоор авч хэрэгжүүлж явдаг төсөл юм.
Монцемент цогц үйлдвэр Хөгжлийн банкнаас 126.6 тэрбум төгрөг авснаас нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг зээл авсан даруй буюу 2015 оны нэгдүгээр сараас эхлэн 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт хуваарийн дагуу дэлхий даяар 2 жил цар тахалтай зогсонги байсан ч нийт 40 гаруй удаагийн тасралтгүй эргэн төлөлтөөр бүрэн төлж дууслаа.
Цаашид төр засгаас дан ганц аж ахуйн нэгжид ханшийн алдагдлыг үүрүүлэх нь шударга бус бөгөөд үндэсний ач холбогдол бүхий томоохон төслүүдийг валютын ханшийн эрсдлээс хамгаалах тогтолцоог бусад улс орнуудын жишигт нийцүүлэн бий болгох зайлшгүй шаардлагатай!" гэсэн юм.