Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх зам, гүүрэн байгууламжийн барилгын ажлын явцтай өнөөдөр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.
Тэд эхлээд Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3 метр урт төмөр бетон гүүрний барилгын ажлын талбайд очив. Энэ нь ашиглалтад орсноор Гачууртын замын ачаалал 50 хувь буурах юм.
Тухайн газарт 50 орчим хүн 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгч компанийн төлөөлөл есдүгээр сарын 25-нд ашиглалтад оруулна хэмээв.
Дараа нь албаныхан Зайсангийн төмөрбетон гүүрний өргөтгөлийн ажлын явцтай очиж танилцсан. Уг ажил 62 хувьтай үргэлжилж байна. Нийслэлд усархаг бороо орж, үер буусан, голын усны түвшин ихээхэн нэмэгдсэн зэргээс шалтгаалж гүүрний доорх ажлуудыг хийх боломжгүй байгаагаа гүйцэтгэгч талынхан учирлав. Мөн сувагчлал шаардлага хангахгүй байгаа тул гүүрний хоёр талын дулааны шугамыг тасалж, шинээр 160 метр сувагчлалыг сольж байгаа аж.
Зайсангийн гүүрээр хоногт 16,000 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35,000 тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах тооцоолол бий.
Хотын дарга тэргүүтэй албаны хүмүүсийн очсон удаах газар нь Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх авто замын гүүрний ажлын талбай юм. Уг ажлын явц 60 хувьтай байна. Гүүр ашиглалтад орсноор Наадамчдын замын хөдөлгөөний түгжрэл 14.9 хувь буурч, Сонсголонгийн замын түгжрэл 11 хувиар буурах тооцоолол бий гэв.