Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг аймгийн төвөөс урагш 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 88 км-т орших Орхон, Хараа голын бэлчир Хавцал хэмээх газарт наймдугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагийн орчимд адууны эрэлд явсан М сураггүй болсон, унаж явсан морь нь гэрийнхээ гадаа гүйж ирсэн тухай дуудлагыг мөн өдрийн 17:30 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчид 15 настай эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Хүүгийн цогцсыг наймдугаар сарын 15-ны 10:11 цагт тус аймгийн Хушаат сумын Товуухан хэмээх газар Орхон голын эргийн усны мандлаас олж, гарган Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.