2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор гадаад сурталчилгааг эрчимжүүлж CNN, Financial Times, The Economist зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, “Quest Means Business” нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квэст Монгол Улсад хүрэлцэн иржээ.
Тэрээр Монгол Улсад ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцана гэв. Мөн эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлдэх аж.
Ричард Квест 1985 онд ВВС телевизээс ажлын гараагаа эхэлж байжээ. 2001 оноос CNN телевизэд ажиллаж буй тэрбээр тус телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлч юм. Мөн бизнесийн буланг хариуцсан ерөнхий редактораар ажилладаг.
Тэрээр Твиттер хуудсандаа Монгол Улс түүний зочилсон 95 дахь улс болж буйг хуваалцсан байна.