АНУ-ын Сан Франциско хотын төвд орших алдарт Япон таунд “Nihonmachi Street Fair” олон үндэстний соёлын өдөрлөг 49 дэх жилдээ зохион байгуулжээ.
Соёлын өдөрлөгт АНУ-ын Калифорни мужийн Оакланд хот дахь “Би Монгол” сургууль, “Гэр” хүүхдийн төвийн авъяаслаг сурагчид тус сургуулийн бүжгийн багш, бүжиг дэглээч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Батзоригийн удирдлага дор бэлтгэн урилгаар оролцож, монгол урлаг соёлоо сурталчилсан байна.
Монголын соёл урлаг, өв соёл, түүхээ сурталчилсан тус сургуулийн багш, авъяаслаг сурагчид болон эцэг эхчүүдэд Ерөнхий консулын газраас талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсжээ.
“Би Монгол” сургууль, “Гэр” төв нь 2009 онд байгуулагдсан цагаасаа АНУ-ын Бэй Аэриа орчимд амьдардаг 500 гаруй монгол хүүхдүүдэд эх хэл, түүх, үндэсний дуу бүжиг, хөгжим, шатар, спортын хичээлүүдийг зааж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг.
Жил бүр Гэр хүүхдийн төв, Би монгол сургуулийн сурагчид эх орноо сурталчлах олон сайхан урлагийн арга хэмжээ, уламжлалт баяруудыг зохион байгуулж, үр хүүхэд хойч үеэ эх оронч үзэлтэй болгон хүмүүжүүлэн, АНУ-ын уламжлалт баяруудад улсаа төлөөлөн оролцсоор иржээ.
Тус сургуулийг үндэслэн байгуулагч, Боловсролын тэргүүний ажилтан Т.Эс-Олдох хилийн чанадад сурч буй монгол хүүхдүүдэд зориулан "Миний монгол хэл-1" сурах бичиг зохион хэвлүүлсэн нь АНУ төдийгүй монголчууд олноор суурьшсан орнууд дахь монгол сургуулиудад өргөн хэрэглэж буй ажээ.