Цагдаагийн байгууллагад 2023 оны наймдугаар сарын 7-ны 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах цахим тоглоомын газарт хүн хутгалуулсан байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Шалгалтын явцад 33 настай иргэн У-г 39 настай иргэн Б нэг удаа хутгалж, хэргийн газраас зугтсан байна. Уг хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд "Өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд цагдаагийн байгууллагад бусдын эрх чөлөөнд зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, халдсан гэх дуудлага мэдээлэл ирсэн.
БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход тухайн хэргийг үйлдсэн гэх этгээд хэргийн газраас зугтсан учир эрэн сурвалжилж, дуудлага ирснээс 30-40 минутын дараа Бөхийн өргөөний урд байрлах 22 дугаар байрны гаднаас хэргийг үйлдээд зугтсан иргэн Б-г олж тогтоосон. Тухайн иргэн хоёр гартаа хутга скочоор наасан байдалтай байсан. Цагдаагийн алба хаагчийн хутгаа тавих шаардлагыг үл биелүүлж "Би шийдсэн" гэдэг яриаг гаргасан. Ийм учраас цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн ямар зорилгоор цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаар 2 цаг хэлэлцээр хийсэн юм. Түүний тавьсан шаардлага цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх боломжгүй байсан учир албадлага хэрэглэх зайлшгүй шаардлага гарлаа.
Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу албадлага буюу резинэн сумтай бууг ашиглан тухайн этгээдийг дайчлан баривчилсан. Энэ тохиолдолд буун дуу гарлаа хэмээн олон нийт шуугьж байгаа. Энэ нь цагдаагийн алба хаагчийн хэрэглэсэн резинэн сумтай буун дууны чимээ байсан юм.
Хутгаа тавих шаардлагыг биелүүлээгүй тул галт зэвсэг хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан гэдгийг хэлье. Резинэн сумтай бууг хэрэглэсний дараа иргэн Б-д эрүүл мэндийн үзлэг шалгалт хийлгэхэд биеийн байдал хэвийн байсан тул мөрдөн шалгах эрх бүхий цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгсөн болно.
Иргэн Б өөрийн бага насны хүүхэдтэйгээ уулзана гэдэг шаардлагыг тавьсан. Бидний зүгээс хүүхэдтэй нь уулзуулж болно, гартаа барьсан балиус болон жижиг, халаасандаа байгаа хутга зэрэг гурван төрлийн хутгыг салгах шаардлагыг тавихад хүлээж аваагүй.
Ноцтой гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан, 13 дугаар хорооллын ойр орчмын оршин суугчдын биед халдаж болзошгүй байсан, цагдаагийн алба хаагчийг өөртөө ойртуулахгүй байсан зэрэг нь албадлага хэрэглэх хангалттай үндэслэл байсан учир уг аргыг хэрэглэлээ.
Иргэн Б өмнө нь ял шийтгэгдэж байсан этгээд. Тухайн үед буюу өчигдөр сэтгэлзүйн байдал маш тогтворгүй байсан учир иргэд болон цагдаагийн алба хаагч, өөрийнх нь аюулгүй байдлыг хангах үүднээс резинэн сумтай буу хэрэглэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна, хувь хүний нууцтай холбоотой учир овог нэр, ямар хэргээр ял эдэлж байсан тухай мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Дөрвөн удаа буудсан гэх асуудлын тухайд тэрбээр "Эхлээд анхааруулж нэг удаа хий буудах, дараагийн удаад тухайн иргэний биеийн зөөлөн хэсэгт резинэн сумаар хоёр удаа буудах үйлдлийг хийсэн. Түүний гэр бүл болон ээжтэй нь биечлэн уулзсан. Гэмтэл, ноцтой хор учруулаагүйг тэд хэлсэн. Тухайн орчмын оршин суугчдын төлөөлөлд учир байдлаа мэдэгдсэн" хэмээн тайлбарлалаа.
Резинэн сумтай бууг сургалтад хамрагдсан цагдаагийн алба хаагч прокурор, ХЗДХЯ-ны зөвшөөрлөөр зааврын дагуу хэрэглэдэг байна.
Сэтгэгдэл (5)