Үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлууд болон тэднийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан дарга Батзориг "Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байна. Долоодугаар сард болсон НИТХ-аар үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газар, мөн гамшгийн үед түр цугларах 240 гаруй байрыг батлуулсан. Цаашид хамгийн их үерт өртөж болзошгүй төвийн зургаан дүүргийн байршлуудад газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж байна.
Өнөөдрөөс мэдэгдлүүдийг дахин хүргүүлж эхэлсэн. НОК-ын хурлаар шийдвэр гарвал нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж эхэлнэ. Чөлөөлсөн газрыг мэдээллийн санд бүртгэн, хамгаалалтын бүсэд оруулан, дахин газар олгохгүй. Үерийн бүсэд буусан айлуудад бид жил бүр мэдэгдэл хүргүүлдэг. Энэ жил 2000 гаруй айлд хүргүүлсэн ч олонх нь нүүгээгүй. Цаашид бүх айлыг нүүлгэх шаардлагатай.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэд бүх дүүргийн төлөвлөгөөгөөр батлагдсан байршлуудаас газар сонгох боломж бий" гэсэн юм.