Прокурорын байгууллагаас долдугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 379 удаа танилцаж, 10 шалгалт, нэг судалгаа хийжээ.
Хяналтын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 50 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад таван шаардлага бичиж хүргүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.
Прокурор ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байсан нэг ялтан, этгээдийн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас
- Ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх талаар 71
- Хоригдлыг хугацааны өмнө суллах талаар 130 санал тус тус ирүүлснийг прокурор хянасан.
Мөн хуульд заасан шаардлага хангаагүй 48 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичин шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Тухайлбал торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй дөрөв, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 13, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 14 хүний ялыг хорих ялаар солиулж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 86 хоригдлыг хугацааны өмнө сулласан байна.