НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын "Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" техник хамтын ажиллагааны төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд малчин залуусын туршлага судлах аяллыг Булган аймагт зохион байгуулж байгаа юм.
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн 42 сум бүрээс ирсэн залуу малчдын төлөөлөл Хангал сум дахь "хөдөлмөрч айл" Б.Батмөнхийнхөөр зочилж, туршлага судаллаа.
Өрхийн тэргүүн Б.Батмөнх эхнэр, хүүхдүүдийнхээ хамт сүүлийн 6 жилийн турш эрчимжсэн болон бэлчээрийн мал аж ахуйг хослуулан эрхэлж байгаагаас гадна малын тэжээл (улаанбуудайн соёолж), хүлэмжийн ногоо тариалж, цэвэр тансаг байгальд эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэж буй бүтээлч өрх юм.
Улирал үл харгалзан гидропоник буюу хөрсгүй технологиор гэрийн нөхцөлд улаанбуудайн соёолж тариалж, мал сүргээ тэжээдэг төдийгүй өвөл 1 сард мал тарга хүч сайтай үед нь төлөө хүлээн авдаг онцлогтой. Тэд энэхүү арга туршлагаа Малчин айл Nomadic family хуудсаараа дамжуулан олон нийтэд хуваалцдаг.
Хойд бүсийн 3 аймгаас ирсэн малчин залуус тэдний шинэлэг арга туршлагаас суралцсандаа сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлжээ.