Энэ амралтын өдрүүдэд Хүй долоо худагт болох "Даншиг наадам-Хүрээ цам" наадмын үеэр зохин байгуулагдах урлагийн үзүүлбэрийн талаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр "Даншиг наадам-Хүрээ цам" наадмын үеэр соёл урлагийн 7-8 үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан.
Тодруулбал
- Хүрээ цам наадмыг Монгол туургатны хэмжээнд зохион байгуулж байгаа. Тиймээс нүүдэлчдийн нийслэл хэзээ үүссэн талаар эрдэм шинжилгээний хурал болгон танилцуулж байна.
- Хүрээ цам нь шашин, соёлын наадам юм. Тиймээс шашин соёлыг бэлэгдсэн нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Нүүдэлчдийн нийслэл хэзээ үүссэн, хэрхэн хөгжиж буй, Хүрээ цам наадмын талаар гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
- Мөн наймдугаар сарын 5-ны 20:00 цагаас нүүдэлчдийн нийслэл ямар дуу хөгжимтэй, орчин үеийн дуу хөгжим хэрхэн олон улсад хөгжсөн талаар бүрэн хэмжээний шоу тоглолт болно. Монгол туургатнаас ирж буй уран бүтээлчид урилгаар оролцох юм.
- Наадмын хоёр өдрийн турш хувцас загварын үзүүлбэр шоу зохион байгуулагдана. Монголчуудын хувцасны соёл эрт үеэс эхтэй учир түүний онцлогийг харуулсан байхаар төлөвлөсөн.
- Дээр нь Нийслэлийн есөн дүүргээс 30 гаруй ардын урлагийг түгээгч, уран бүтээлчид ажиллана. Тус уран бүтээлчид нь өөрсдийн гэртээ иргэд, жуулчдад урлагийн тоглолт үзүүлнэ.
Эхний өдрийн тоглолтод Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Saryuna, Alihan DZE, Өвөр Монголын дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу нарын 17 уран бүтээлч оролцох юм. Мөн үндэстний хувцасны үүх түүхийг харуулсан загварын шоуг бэлдсэн байгаа" гэв.