Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд “Мал, амьтны эрүүл мэндийн төв” байгуулж, өнөөдөр (2023-06-28) нээлтийг нь хийлээ. Сургуулийн дэргэд мал, амьтны эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлж буй нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ бодитоор туршиж дадлагажих, багш нар судалгаа, шинжилгээ хийх, мал, амьтны халдварт болон халдваргүй өвчнийг орчин үеийн дэвшилтэт технологи, багаж, тоног төхөөрөмж ашиглан эмчлэх өргөн боломж бүрдэж байна.
Тус эмнэлгийг БНСУ-ын Хөдөөгийн Хөгжлийн Корпорац (KRC) болон Хүнс, хөдөө аж ахуйн яам (MAFRA)-ны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал, амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төслийн хүрээнд байгуулжээ.
Төслийг Монголын талаас ХХААХҮЯ, Сангийн Яам болон ХААИС, БНСУ-ын талаас Хөдөөгийн Хөгжлийн Корпорац болон Хүнс хөдөө аж ахуйн яам хоорондын гэрээгээр 2019 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зурсан. Уг төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар Солонгосын “WOSEM” компани, Кёнгбүкийн Их Сургуулийн Мал эмнэлгийн сургууль шалгарч бүтээн байгуулалт, багш, судлаачдыг чадавхжуулж, дадлагажуулах ажлыг гүйцэтгэжээ.
Төслийн нийт төсөвт өртөг 4 сая ам.доллар бөгөөд 1432 м.кв зоорины давхраас гадна 3 давхар барилга, тавилга, эд хогшил, эмнэлгийн үйл ажиллагаанд зориулсан мэс засал, лабораторийн тоног төхөөрөмж бусад багаж хэрэгслүүд бүтээн байгуулалтын зардалд тусгагдсан байна. Мөн Мал эмнэлгийн сургуулийн багш нар, малын эмч нарын ур чадварыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх зорилгоор тухайн төвд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах болон Солонгосын мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний арга барил, туршлага олгох сургалтыг БНСУ-ын Кёнгбүкийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлжээ.
Багш, малын эмч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтын хүрээнд Мал эмнэлгийн сургуулиас 7 багшийн бүрэлдэхүүнтэй баг 7 хоногоор тус бүр 2 удаа, 15 багшийн бүрэлдэхүүнтэй баг 10 хоногоор 1 удаа БНСУ-д ирж мэргэжлийн ур чадвар сайжруулах сургалтад хамрагджээ. Мөн БНСУ-ын Кёнгбүкийн их сургуулийн багш, судлаачид Монголд зочилж, багш, оюутан, малын эмч нарт 10 удаагийн сургалт, семинар, 4 удаагийн дадлага олгох сургалтыг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ барилгын гүйцэтгэл, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, үйл ажиллагааны менежментийн чиглэлээр мэргэжлийн экспертүүд зөвлөн ажиллаж байна.