Өнгөрсөн сар гаруйн хугацаанд үргэлжилсэн БЗС-гийн заал тойрсон хэрүүл, маргааны дараа тус сангийн зээлээр суралцах оюутнуудыг шалгаруулалтыг анх удаагаа нээллтэй явуулав. Дэлхийн шилдэг 50 сургуульд элсэн суралцах урилга авсан 100 оюутан өчигдөр "Суралцах чадварын ерөнхий үнэлгээ"-ний тест өгч, тестийн үр дүнг нээлттэй мэдээлэв. Энэ тухай Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат дараах мэдээллийг өгсөн байна.
Материал уншсан дарааллаар сурагчдын эрэмбэ автоматаар өөрчлөгдөж, эхний 50 байранд жагссан хүүхдүүдийн зураг мэдээлэлтэйгээ гарч ирнэ. Эдгээр сурагч дэлхийн топ сургуулиудад бакалаврын түвшинд суралцахдаа БЗС-гийн хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо. Нэр бүхий 50 шалгуулагч зохих процессын дагуу БШУЯ-нд хандаж гэрээгээ байгуулах дараагийнхаа үйл ажиллагаанд орох ёстой. Суурь оноо болон суралцах түвшний ерөнхий оноогоор сурагч У.Эрдэнэтуул тэргүүлж, БЗС-гийн зээлээр суралцах эрхээ авчээ.
Шалгуулагч У.Эрдэнэтуул "Би Торонтогийн их сургуульд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцах урилга авсан. Суралцах чадварын ерөнхий үнэлгээний асуултууд ихэвчлэн хувь хүнийг таньж мэдэх зорилготой байлаа. Миний хувьд өөрийн амьдралын туршлагаас хариулж явсан. Гадаадын их сургуульд суралцахаар зорьж байгаа бол өөрийнхөөрөө байгаарай" гэсэн байна.
Суралцах чадварын ерөнхий үнэлгээг
- Танин мэдэхүйн чадвар
- Хувь хүний өсөлт хөгжил
- Хүн хоорондын харилцааны чадварыг үнэлж, 50 сурагчийг өнөөдөр сонгон шалгаруулжээ.
Энэ тухай БШУЯ-ны албан ёсны пэйж хуудсанд,
"Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт болж өнгөрлөө.
Суралцагчдыг
Сургуулийн эрэмбэ
Тэргүүлэх мэргэжил
Хэлний оноо
Голч дүн
Суралцах чадварын ерөнхий үнэлгээ гэсэн 5 шалгуур үзүүлэлтээр эрэмбэллээ.
Сүүлийн буюу суралцах чадварын ерөнхий үнэлгээг өнөөдөр зохион байгуулж 98 шалгуулагч оролцов. Энэ шалгуураар
1. Танин мэдэхүй
2. Хувь хүний өсөлт, хөгжил
3. Хүн хоорондын харилцааны ур чадваруудыг үнэлэв.
Шалгалтын материалыг шууд засалтын системээр засаж автоматаар эрэмбэлсэн юм. 5 шалгуурын нийлбэрээр 98 суралцагчийг эрэмбэлсэн байдлыг танилцуулж байна.
Шалгаруулалттай холбоотой гомдол санал гаргах бол даваа гаригийн 18.00 цагаас өмнө бичгээр ирүүлнэ үү" гэсэн байна.