Энэ оны улсын төсвийн хүрээнд Дархан-Уул аймагт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж буй.
Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай 8.6 км авто замын цементээр бэхжүүлсэн суурь, бетон хучилтын ажил бүрэн дуусжээ. Ингэснээр нийт ажлын гүйцэтгэл 85%-д хүрч, Дархан-Уул аймгийн бүх томоохон сум, суурингууд хатуу хучилттай замаар холбогдлоо.
Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 2 ба 3-р багцад асфальт болон цементээр бэхжүүлсэн буталмал чулуун суурийн ажил явагдаж байна.
Энэ талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар "Энэ эрчээрээ цаг агаарын саатал бага байвал намрын дунд сар орчимд хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Халуун наранд хүнд ажлыг нугалж байгаа замчид, тээвэрчид, энэ ажилд оролцож байгаа бүх хүмүүст талархал илэрхийлж амжилт хүсье" гэж цахим хуудаснаа бичжээ.