"Эмээлт эко аж үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит хаалттай хувьцаат компани байгуулах саналыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар хэлэлцлээ.
Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 онд батлагдаж, наймдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн 13-р зүйлд Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компанийн хэлбэртэй байна гэсэн заалт орсон. Иймд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь орон нутгийн хаалттай хувьцаат компани байхаар дүрмийн төслийг боловсруулж, танилцууллаа.
Дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой аж. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд 3 нь хараат бус гишүүн байх юм. Уг газрыг “ХХК” болгосноор эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах давуу талтай юм. Цаашлаад үнэт цаас гаргаж, хөрөнгө босгох, төсвөөс хамаарахгүйгээр үйл ажиллагаа явуулж, орлого олох, төсөвт орлого төвлөрүүлж, төсвийн дарамтыг бууруулна гэдгийг онцолсон юм.
Ийн Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжлээ.