"Урбан" иргэдийн форум, #NoDoubleStandard, #NoWar иргэдийн хөдөлгөөнөөс Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж буй албан тушаалтнууд буюу Монгол Улсын ЗГ-ын гишүүд, шүүх, хууль байгууллагын нэр бүхий хүмүүсийг "Магнитскийн акт”-ад хамруулах хүсэлтийг тус актад нэгдэн орсон улсуудын холбогдох 12 элчин сайдын яамдад өнгөрсөн даваа гаригт хүргүүлсэн билээ. Тодруулбал, Монгол Улсад суугаа Европын холбооны улсууд болон АНУ-ын Элчин Сайд нарт хүргүүлсэн юм.
Энэ талаар иргэдийн хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
#Nodoublestandart хөдөлгөөний төлөөлөгч Ц.Уянга “Ардчилал гарснаас хойш төрийн зүгээс бидний амь нас халдашгүй дархан гэж итгэж байсан явдал долдугаар сарын нэгний үйл явдлаар ямар ч дархлаагүй болсон.
Энэ хугацаанд хүний эрх үндсэн хуулиар баталгаажих биш улам доройтсоор аюултай байдалд орж байна” гэлээ.
Манай улс нэгдэж орсон олон улсын хүний эрхийг баримтлах эрх зүйн акт, конвенцуудад дотоодын хууль тогтоомжуудаа нийцүүлэх үүрэгтэй. Гэтэл өнөөг хүртэл эрх баригчдын үзэмжээр байнга засвар өөрчлөлт хийж явсаар үндсэн хуулиар хүний эдлэх ёстой эрх доройтож, бүдүүлгээр зөрчигдөж байна гэдгийг мөн онцлов.
Мөн хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн үзэл бодолтой байх, үг хэлэх нь жам ёсны хэрэг. Түүнийг хуульчлан тогтоох боломжгүй гэдгийг заасан байдаг ч манай улсын хууль тогтоомжууд эсрэгээрээ байна.
Энэ талаар Хуульчид "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд эрх баригчид 1999 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “бүртгэнэ” гэсэн байдаг. Үүнийгээ зөвшөөрөл олгоно гээд ойлгочихсон. Улмаар жагсаал цуглаан хийхдээ тодорхой албан тушаалтанд бүртгүүлж, мэдээлээгүй тохиолдолд энэ нь хууль зөрчсөн болж арга хэмжээ тооцдог. Цаашилбал ял халдаах байдал түгээмэл болоод байна.
Хуульчдын зүгээс жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиа өөрчлөхийг шаарддаг. Өнгөрсөн онд нэр бүхий гишүүд жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд “мэдэгдэнэ” зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн өөрчлөлтийг оруулахаар улсын их хурлын даргад өргөн барьж байсан ч түүнийг одоо болтол дарсаар байна.
Мөн эрүүгийн хуулийн 13.14-т худал мэдээлэл тараах гэх гэмт хэрэгт иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага ихээр өртөж байна. Аливаа албан тушаалтны мэдээллийг цацсаныхаа төлөө ял авсан тодорхой тооны хүмүүс ч байна” гэлээ.
"Урбан" иргэдийн форум, #NoDoubleStandard, #NoWar иргэдийн хөдөлгөөнөөс энэ долдугаар сарын нэгний өдөр “Үндсэн хуулийн баталгаа болон эрх эрх чөлөөний дархлаа” сэдвээр хэлэлцүүлэг хийхээр болсон байна.
Дашрамд, Магнитскийн актад нэгдэн орсон улсуудын аль нэг албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн нь баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн этгээд болон түүний хамаарал бүхий этгээдийг тус актад нэгдэн орсон улсууд хилээрээ нэвтрүүлдэггүй. Мөн хахууль авах гэмт хэрэг нь нотлогдсон тохиолдолд гүйлгээ хийх эрхийг нь царцаадаг байна.