2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр олон нийтийн сүлжээнд Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байгаа хүүхдүүд бэлгийн дарамтад өртсөн гэх мэдээлэл цацагдсан.
Гэмт хэргийн шинжтэй энэхүү мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс өнгөрөгч баасан гаригт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдсон гэх бөгөөд хохирогч нарын тоо мөн нэмэгдэж байгаа гэдэг мэдээлэл байна.
Түүнчлэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэл байгаа учраас хүүхдүүдийг хүчирхийлсэн байж болзошгүй хэд хэдэн этгээдэд эрүүгийн хэрэг нээжээ. Улмаар холбогдогч этгээдүүдээс тайлбар мэдүүлэг авахаар Цагдаагийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс авч явсан байна.