Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ирэх есдүгээр сард ямар ажил хэрэгжүүлэх талаар хэвлэлд мэдээлжээ.
Ж.Сүхбаатар:
-"Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлнэ. 400-500 шинэ автобустай болно. 12 жил хөдөлгөөнд оролцсон автобус эхнээсээ шатаад байна. Нэгдүгээр эгнээг янзлах ажил давхар явагдаж байна. Түүнчлэн тухайн хэсгийг замыг сайжруулах ажил хийгдэж байгаа. Зам гүүрний байгууламжийн ажлаа үргэлжлүүлж байна. Түгжрэлд хамгийн их нөлөө үзүүлж буй хэсэг бол механик инженерийн сургуулийн орчим, нарны хороолол, алтай хотхон хэсэг байгаа юм. Энэ чиглэлийн зам гүүрний байгууламжийн ажлыг эрчимжүүлнэ. Мөн долоон буудал, 100 айл орчмын зам гүүрний байгууламжийн ажил бий" хэмээв.
Харин замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар "Хотын төвийн хэсгийн замын хөдөлгөөнд зохион байгуулалтын ажил хийхээр судалж байна. Шаардлагатай бол зөвлөх баг ажиллуулна. Есдүгээр сард дугаарын хязгаарлалтын арай өөр нөхцөлөөр хэрэгжүүлэх байр суурьтай байгаа. 14 хоногийн гурван өдөрт нь дугаарын хязгаарлалт тэгш, сондгой байж болох тухай асуудлыг тавина гэсэн бодолтой байна.
Энэ намар түгжрэлийн эсрэг байж болох бүх арга хэрэгслээ ашиглана. Эсэргүүцэл шүүмжлэл ирсэн ч хамаа байхгүй. Хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлнэ. Түгжрэлийн бүсүүдийг санал болгоно. Амьдралын нөхцөл байдалтай уялдуулан хуулийн төсөл оруулна. Ирэх есдүгээр сард нийтийн тээвэр, зам дээр суурилсан бодлогыг баримталж ажиллана" гэв.
Сэтгэгдэл (1)