Өлгийтэй хүүхдээ таксинд үлдээгээд явсан гэх дуудлага мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, 102 тусгай дугаарын утсанд 2023 оны зургаадугаар сарын 17-ны 15:12 цагт “Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинд суугаад өлгийтэй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн үзлэгт хамруулж, түр хамгаалах байранд байршуулан, хүүхэд хамгааллын тухай хуульд заасан нэн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна.
Гэвч нярай хүүхдийн эх 25 настай, таксины жолооч эмэгтэй төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэл зүйн гүнзгий хямралын улмаас худал дуудлага, мэдээлэл өгсөн бөгөөд уг хүүхэд тухайн эмэгтэйн хүүхэд болох нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Монгол Улсад Хүүхдийн эрхийн талаар дараах эрх зүйн зохицуулалт үйлчилж байна. Монгол Улсын Үндсэн хуульд: Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна хэмээн заасан байдаг.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар үүргээ биелүүлж байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөв.