Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайд Рио Тинто Монгол компани нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Тэгвэл тус бүтээн байгуулалтын ажлын явцын талаар "Рио Тинто Монгол" ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзулаас тодрууллаа.
-Паркийн ажлын явц ямар шатандаа явж байгаа тухай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Паркийн төсөл гүйцэтгэх шатандаа орж эхэлсэн. Бид нэлээн их цаг хугацааг зураг төсөл, тендерийн үйл ажиллагаанд зарцуулж, үндсэн гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулаад, угсралтынхаа ажил руу орж байгаа. Угсралтын үйл ажиллагааг буулгалтаас эхэлсэн. Тодруулбал хуучин бетоны суурь болон замуудыг хуулаад шинээр тавих буулгалтын ажлууд хийгдэж байгаа. Энэ ажлууд тавдугаар сарын 26-наас эхэлсэн.
Үндсэн гүйцэтгэгч зургаадугаар сараас үндсэн гүйцэтгэлийн ажлаа хийж эхэлсэн. Бид паркийн төслийг урдаас нь хойшоо барьж угсрах төлөвлөгөөтэй. Үндсэн гүйцэтгэгчийн хувьд энэ жилийн арванхоёрдугаар сар хүртэл хатуу дэд бүтцийн угсралтыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй яваа.
-Ямар онцлогтой парк байх вэ гээд иргэд ихээхэн сонирхож байгаа, онцлох зүйлсээсээ хуваалцахгүй юу?
-Паркийн бүтээн байгуулалтын гоё, сонирхолтой элемент юу вэ гэвэл өргөн чөлөөтэй явган хүний алхах замтай байна. Ботаник цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур сүлжилдсэн явган хүний зам байх юм. Үүнтэй холбоотойгоор газар шорооны ажил их хийгдэхээр байгаа.
Мөн энэхүү парк нь хотын нүргээн чимээнээс тасарсан, амгалан тайван орчин бүрдсэн байхыг зорьж байна. Парк дотор ямар нэгэн автомашины зогсоол төлөвлөөгүй гэдгээрээ онцлогтой. Шалтгаан нь паркт хүмүүс амарч, ая тухтай амгалан тайван байдлыг эдлээсэй гэх үүднээс явган хөдөлгөөнийг дэмжих концефцийг баримталж, төлөвлөлтөө хийсэн. Санал асуулгын дүнгээр ч энэ нь нэлээн тод гарч ирсэн. Нэвтрэх замуудад зөвхөн дугуйн замыг төлөвлөсөн. Харин парк дундуур дугуйтай явах зам байхгүй. Ингэснээр парк дотор хурдны зөрчилдөөн гарахгүй ба иргэд тайван алхах боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн паркийн хувьд 10.2 га газартай. Тэр утгаараа нэлээн их хэмжээний мод, бут ургамлыг тарина. Нэг бүрчлэн тоолбол 40 мянга, том мод бутыг тоолбол 4,000 гаруй болно. Тэгэхээр усалгааны систем чухал. Бид усалгааны системийг эко, дахин ашиглах боломжтой байдлаар шийдэхийг зорьсон. Өөрөөр хэлбэл усаа дахин ашиглах бололцоотой цөөрөм байгуулна. Уг цөөрөмд усалгаанд ашигласан усыг цуглуулаад, худгаасаа тэжээгдээд усалгаандаа дахин ашиглах боломжтой болох шийдлийг төлөвлөсөн. Бид энэхүү паркийг өөрийн гэсэн онцлогтой, хотын иргэдийн хамгийн их очих дуртай газрын нэг болоосой гэж хүсэж байна.
-Парк хэзээ нээгдэх вэ, бүрэн дууссаны дараа нээх үү?
-Аль болох хурдан хугацаанд нээж бүрэн ашиглалтад оруулахыг зорьж байна. Энэ жилдээ хатуу дэд бүтцийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэж дуусахаар төлөвлөсөн. Тэгээд хүлээлт өндөр байгаа тул урд хэсгээ бага багаар нээгээд явах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Бүрэн тохижсон парк дундуур алхах боломж ирэх жил тохионо.