Хөгжлийн банк 500 сая ам долларыг таван жилийн хугацаатай жилийн 7.25 хувийн хүүтэйгээр гадаад санхүүгийн зах зээл дээрээс босгосон байна. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлж, "Нэг сайн мэдээ дуулгамаар байна. Юу гэхээр өчигдөр шөнө Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.доллар амжилттай босголоо. Энэ бол Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банк өөрөө явж босгосон мөнгө гэж үзэхээр, Монголбанкны зүгээс амжилт гэж харж байна.
Энэ мөнгийг босгосон явдал бол манай улсын гадаад валютын нөөцөд учрах байсан дарамтуудыг тодорхой хэмжээгээр бууруулж өгч байна. Хугацаа тулсан өр төлбөрөө барагдуулах санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа нь Монгол Улсын гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг багасгаж байна. Мөн цаана нь монгол төгрөгийн ханшийг тогтворжуулах алхам боллоо" гэсэн юм.
Энэхүү 500 сая ам долларын бондоор богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэх ажээ. Бондын эргэн төлөлт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны удирдлагууд гадны томилолтоос ирээд өгнө гэж тус банкнаас мэдэгдлээ.