Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой зам, талбайн байршлыг судалж, танилцуулах ажил явагдаж байна.
Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Ажлын хэсэг байгуулагдан 50 байршлыг төлбөртэй зогсоол болгохоор сонгон шалгаруулалт зарласан. Маргааш буюу зургаадугаар сарын 14-нд материал ирүүлэх сүүлийн хугацаа.
Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн автомат хаалттай зогсоолын судалгааг гаргасан. Нийт 482 автомат хаалттай зогсоол байгаагаас газар эзэмших зөвшөөрөлтэй 186, зөвшөөрөлгүй 296 байна. Үүнээс дийлэнх нь орон сууцны хороолол дунд авто замын зорчих хэсэгт автомат хаалт байршуулсан байна.
Мөн ажлын хэсэг зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 20 байршлын 2.9 га газарт төлбөртэй зогсоол ажиллуулах судалгааг нэмэлтээр хийсэн" гэв.
Тодруулбал,
-
Баянгол дүүрэгт таван байршилд 1,744 ам метр
-
Баянзүрх дүүрэгт гурван байршилд 5,509 ам метр
-
Сонгинохайрхан дүүрэгт нэг байршилд 360 ам метр
-
Сүхбаатарт зургаан байршилд 4,785 ам метр
-
Хан-Уулд гурван байршилд 15,914 ам метр
-
Чингэлтэйд хоёр байршилд 700 ам метр зогсоол байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.