Нийслэлийн хэмжээнд үер, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Борооны улирал эхэлж байгаа учраас гол усны үер нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гал түймрийн 857, аврах ажиллагаа 99 дуудлага мэдээллээр албан хаагчид үүрэг гүйцэтгэн шуурхай ажиллаж, 1,250 орчим иргэний амь насыг авран хамгаалж ажилласан. Өнгөрсөн хавар маш их хуурайшилттай байлаа, улмаар өдөрт 30 орчим дуудлага ирж байлаа.
Одоо борооны улирал эхэллээ. Цаг уурын газрын өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд +30 хэм хүрч, халах мэдээлэл байгаа.
Халуун өдрүүдэд иргэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу олноор амарч зугаалах үедээ гол усанд орж амь насаа алдах эрсдэл нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу завь эргүүлийг Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллуулж, зохион байгуулахаар хуваарь гарч, өнөөдөр аврах ангийнхан дадлага сургуулалтдаа гарсан.
Зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-н хүртэл завьт эргүүл ажиллана.
Голын эрсдэлтэй хэсэгт сэлэхийг завдсан иргэдийн үйлдлийг таслан зогсоож, цагаан хоолойгоор зарлан мэдээлж, анхааруулна. Иргэд ер нь "би чадварлаг сэлдэг" гэж ус руу ороод гуравхан секудэд живж, амь насаа алдах эрсдэлүүд гардаг" гэлээ.
Мөн энэ жил гурван камер нэмж байрлуулсан. БЗД-ийн Могойн дэнж, Баянзүрх гүүрний хойд тал болон шинээр тохижуулсан Амар талбайд байрлуулсан байна.