Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар 2023 оны улсын төсвийн тодотголыг өнөөдөр УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэл өглөө.
Энэ удаагийн төсвийн тодотголоор тэтгэврийн зөрүүг арилгахын зорьсон нь онцлох зүйл гэсэн юм.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "2014 оноос хойш тэтгэврийн зөрүүг арилгах асуудал шийдэгдээгүй байсан. Харин энэ удаагийн тодотголоор уг асуудлыг нэг мөр шийдэхийг зорилоо. 2022 оны нэгдүгээр сард хийсэн тодотголоор тэтгэврийн доод түвшинг нэмэгдүүлэх үед засварлах ёстой зарим нэг асуудал гарсан. Доод хэмжээг нэмэх үед дунд түвшний тэтгэвэр авч байсан хүнийх доод хэмжээнд очих, 2022 оны нэгдүгээр сараас өмнө тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн 15 хувиар нэмэгдсэн бол 2, 3 дугаар сараас хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийнх нэмэгдэж чадаагүй гэх мэт асуудал байв.
Эдгээрийг нэг мөр шийдэж байгааг онцолж хэлмээр байна. Мөн 1990-2000 он хүртэл цалин бага байх үед тэтгэврээ тогтоолгосон хүмүүс болон тэдэнтэй ижил ажил мэргэжилтэй, ажилласан жил ойролцоо хэр нь сүүлд тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн хэмжээ өөр байгаа. Үүнийг бид итгэлцүүрээр ойролцоо түвшинд хүргэнэ. Бүх тэтгэвэрийг ижил түвшинд хүргэнэ гэж байхгүй. Эрхэлсэн ажил, мэргэжил нь ижил байлаа ч хүн бүр дээр өөр өөр гарна.
Тухайлбал, 1990 онд тухайн үеийн дундаж цалин буюу 500 төгрөгийн цалин авч байгаад тэтгэврээ тогтоолгосон багш байлаа гэж бодоход 2022 онд ижил ангилал, ажил мэргэжилтэй хүнтэй итгэлцүүрээрээ ижил болж ирнэ.
1990 оны итгэлцүүр 2,560. 2,560-г 500 төгрөгөөр тооцвол 1,030,000 төгрөг. Үүнээс тухайн хүний ажилласан жил, цалингийн хэмжээгээр нь тэтгэврийг нь тогтоохоор 2022 онд тэтгэвэрт гарсан хүнийхтэй ойролцоо түвшинд ирж байгаа. Итгэлцүүрээр зөрүүг ойртуулсны дараа нийт тэтгэвэр авагч 496 мянган хүний тэтгэвэр нийтээрээ дахин 10 хувиар нэмэгдэнэ" гэв.