Франц улсын "Boury-en-Bresse" шоронд хоригдож буй Монгол Улсын иргэн Г.Ган-Очир өнөөдөр утсаар шууд холбогдож, мэдээлэл хийх үеэрээ "Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар намайг хэзээ шоронгоос гаргах нь тодорхойгүй байна" гэж ярьсан билээ.
Тэгвэл Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид тодруулжээ.
Тэрээр "Г.Ган-Очир гэдэг хүний талаар хэлэх үг олдохгүй байна. Би байтугай Франц улсын иргэд хууль шүүхийн байгууллагад нөлөөлөх боломжгүй. Улс төржсөн мэдээлэл хийж байгаа байлгүй. Сонирхуулахад, Г.Ган-Очир хүн амьдарч байгаа айлыг гаднаас нь шатаах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан. Энэ бол тухайн гэр бүлийг санаатайгаар алах гэсэн гэмт үйлдэл. Өөр олон гэмт үйлдэл бий. Яривал хугацаа их орно.
Хоёрдугаарт, тухайн улсад болсон хэргийн талаар Гадаад Харилцааны яамны шугамаар тэнд суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл авсан. Тухайн иргэн Европын Холбооны улс руу нэвтэрч орохдоо хууль бусаар хил зөрчиж орсон байна. Мөн тус улсад амьдардаг монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр гэр бүлийн хүнээ зодож, хүчирхийлэл үйлдсэн гэдэг үндэслэлээр Францын хууль, шүүхийн байгууллага хариуцлага хүлээлгэсэн.
Манай улсаас тухайн иргэн энд үйлдсэн хэрэгтээ шалгагдах ёстой гээд шилжүүлэн авах хүсэлтээ өгсөн. Надад ирсэн мэдээллээр энэ оны арванхоёрдугаар сард суллагдана гэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хүний газар гишгэж, гал үлээхээс бусад нь бүгд худлаа" гэв.