УДШ: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр хууль бус
Улсын дээд шүүх “Монголиан коппер корпорейшн” ХХКийн нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газар, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалыг хэлэлцэв. Хоёр жил гаруй сунжирсан эл маргаан өмнө нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хянан хэлэлцэгдэж шүүхээс “Монголиан коппер корпорейшн” ХХКийн талд шийдвэрлэж байсан юм. Тэгвэл өчигдөр болсон УДШийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУын мэдэлдэх 49 хувийг худалдан авчирсан “Монголиан коппер корпорейшн” ХХКийн эрхийг дахин баталгаажуулав.
Шүүх хуралдааны дараа “Монголиан коппер корпорейшн” ХХКийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Монголросцветмет компанийн хувьцаатай холбоотой маргааныг дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэснээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжлэх нөхцөл боломжоор хангагдаж байна. Манай компанийн зүгээс хэдийгээр энэ маргаан хоёр жил хагас сунжирсан ч шүүхээс хуульд нийцүүлэн шийдвэр гаргаж байгаад талархалтай байна. Үндсэн хуульд зааснаар дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Төрийн байгууллагууд түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс бид төрийн байгууллагаас дээд шүүхийн шийдвэрийг даруй биелүүлэхийг шаардан ажиллана. Мөн нөгөө талын хувьцаа эзэмшигчидтэйгээ нийлэн ТУЗийг яаралтай хуралдуулж “Эрдэнэт” үйлдвэрт тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх болно” гэв. Түүний хэлсэнчлэн өнөөдрөөс эхлэн Засгийн газарт хууль бус үйл ажиллагааг залруулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХКийн ТУЗийг албан ёсоор хуралдуулах нөхцөлийг хангах үүрэг ногдлоо.
ӨЧИГДРӨӨС ЭХЛЭН ЗАСГИЙН ГАЗАРТ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗАЛРУУЛАХ, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХКИЙН ТУЗИЙГ АЛБАН ЁСООР ХУРАЛДУУЛАХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ ҮҮРЭГ НОГДЛОО.
“ТӨРИЙН 51 ХУВИЙГ ТӨЛӨӨЛӨХ ТАЛТАЙ НИЙЛЭН ТУЗИЙГ ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛЖ “ЭРДЭНЭТ”ҮЙЛДВЭРТ ТУЛГАРААД БАЙГАА АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ БОЛНО”
“СТАНДАРТ” БАНКИНД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААЛСНААС ҮҮДЭЛТЭЙ МАРГААНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЯЛАГДАЛ ХҮЛЭЭСЭН НЬ ТУС ҮЙЛДВЭРИЙН ӨМНӨ ТУЛГАРААД БАЙГАА ГОЛ БЭРХШЭЭЛ.
Хэдийгээр шүүхийн шийдвэр тэдний талд гарсан ч Эрдэнэт үйлдвэрт олон ярвигтай нөхцөл байдал бий болоод байгаа. Стандарт банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалснаас үүдэлтэй маргаанд Монгол улсын Засгийн газар ялагдал хүлээсэн нь тус үйлдвэрийн өмнө тулгараад байгаа гол бэрхшээл болоод байгаа юм. Энэ талаар “Монголиан коппер корпорейшн” ХХКийн ТУЗийн дарга М.Мөнхбаатар хэлэхдээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэртэй маань холбоотой олон үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал, 51 хувийн гэж хэлэгдээд байгаа “Жаст” компанитай холбоотой асуудал байна. Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалснаас үүдэн 112 сая ам.долларын өр төлөх тухай яригдаж байна. Өдөрт 3-4 сая ам.доллараар өр нэмэгдэж байгаа. Манай компанийн эзэмшдэг 49 хувийг төрд авах шийдвэр гарснаас эхлээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлаас харахад “Стандарт” банкны хэрэгтэй холбоотойгоор манай компанийн эрхэнд улс төрийн зорилгоор халдсан юм болов уу гэсэн бодол төрдөг. Тэр нь ч зарим нэг үйлдлээс нь батлагдаж байна. Манай компанийн зүгээс “Жаст”ын тавьсан өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх бус буруутай этгээдүүд төлөх ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа.
Энд зөвхөн нэг хэргийн тухай яригдаж байна. Үүний цаана арбитрын шүүхээр шийдвэрлэсэн өөр асуудлууд бас байгаа. Манай компанийг “Стандарт” банкны тодорхой хувийг худалдан авсан мэтээр цуурхал тараасан байна. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж няцаая.” гэсэн юм. Лхагва гарагт дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд танхимын шүүгчээр М.Батсуурь, шүүгчдээр Ч.Тунгалаг, Х.Батсүрэн, Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа нар оролцож хоёр шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцсэн. “Монголиан коппер корпорейшн” ХХКийн зүгээс Засгийн газар, ТӨБЗГ, ОӨУБЕГын “Эрдэнэт үйлдвэр”ийн 49 хувийг төрийн мэдэлд авах захиргааны актууд хууль зөрчсөн гэж үзэн, 13 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаад байсан юм. Засгийн газар 2017 онд долдугаар тогтоол гаргаж дээр дурдсан харъяа байгууллагуудад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахтай холбогдуулсан 10 заалт бүхий үүрэг, чиглэл өгсөн байдаг. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Засгийн газрын 7 дугаар тогтоолын зарим заалт илт хууль зөрчсөн, зарим нь хуульд нийцсэн гэсэн шийдвэрүүдийг гаргаад байсан юм.
ЗАСГИЙН ГАЗАР 49 ХУВИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЗӨВШИЛЦӨӨГҮЙ НЬ БУРУУ ГЭЖ ҮЗЭВ
Үүнийг “Монголиан коппер корпорейшн” ХХКийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Засгийн газрын 7 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг дээд шүүхээс хүссэн. Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь заалтад “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэжээ. харин дээд шүүх шийдвэрлэхдээ Засгийн газрын 7 дугаар тогтоол бүхэлдээ хууль зөрчсөн бус тус тогтоолын 1, 4, 5 дахь заалт илт хууль зөрчсөн гэж үзэв. Өөрөөр хэлбэл эдгээр заалтын дагуу ТӨБЗГ захиргааны акт гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХКийн дүрмийг өөрчлөн ОӨУБЕГт бүртгүүлсэн нь хууль бус ажиллагаа болсон гэж дээд шүүх үзсэн байна. Ингэснээр дээд шүүх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХКийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргалаа. Мөн дээд шүүхийн шийдвэрт нэг зүйл чухал нөлөө үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, УИХын 23р тогтоолд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахдаа хувьцаа эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХКтай заавал зөвшилцсөний үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг ЗГт үүрэг болгосон байдаг. Гэтэл Засгийн газар тус компанийн төлөөлөлтэй албан ёсоор хэлэлцээрт оролгүй шууд шийдвэр гаргаж харъяа байгууллагуудад чиглэл өгсөн нь буруудаж байна.