“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын хувьцаа эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-иудын ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 14 дүгээр тэмдэглэл, хувьцааг төрийн өмчид шилжүүлэн бүртгэх тухай Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоол, түүнийг дагаж гарсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэр зэрэг захиргааны актууд нь Монгол Улсын хууль тогтоомж, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эрх ашгийг илт зөрчсөн тухай нэхэмжлэлийг тус компаниас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх 2017 онд гаргасан.
Энэхүү маргаан нь хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсний эцэст 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхээс “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээлээ. Үүнээс өмнө нь буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Монголиан коппер корпорейшн” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-иудын 49 хувийг хууль ёсны дагуу худалдан авсан буюу өмчлөх эрхтэй болохыг тогтоон шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газраас шийдвэрийг хүлээн зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээн бүртгэсэн байдаг.
Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийнх байх бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болдог. “Монголиан коппер корпорейшн” ХХК нь хоёр үйлдвэр дэх өмчлөх эрхээ нэн даруй сэргээлгэх, үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн хурлыг хуралдуулж тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр төрийн талын 51 хувийн хувьцаа эзэмшигчтэй шуурхай хамтран ажиллана. Мөн хоёр үйлдвэрийн хэвийн, ашигт ажиллагааг сайжруулах, нээлттэй, ил тод уул уурхайг хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмнө нэн тэргүүнд тулгамдаад байгаа Олон улсын арбитрын шүүхээр эцэслэн шийдсэн Стандарт банкны өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, үйлдвэрт учраад байгаа хохирлыг цаашид нөхөн төлүүлэх зэргээр “Монголиан коппер корпорейшн” ХХК нь төрийн хувьцаа эзэмшигчтэй хуулийн дагуу хурдан шуурхай хамтран ажиллана.
МОНГОЛИАН КОППЕР КОРПОРЕЙШН ХХК