Хилчид төөрсөн иргэнийг 25 цагийн дараа Өмнөговь аймгийн “Үнэгэн ус” хэмээх газраас осголтын байдалтай байхад олсон байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн 22 настай Ө нь гуравдугаар сарын 1-ний 12:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ.
Ар гэрийн зүгээс орон нутгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 23:00 цагт дуудлага мэдээлэл өгсний дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлж, сум орон нутгаас дөрвөн автомашин, гурван мотоциклтой, 25 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг гарчээ.
Орон нутгийн удирдлагаас эрэн хайх ажиллагаанд хилчдийн дэмжлэгийг хүссэний дагуу Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар ангиас Хил хамгаалалтад ашиглаж буй дроноор эрэн хайх ажиллагааг явуулсны дүнд гуравдугаар сарын 3-ны 01:00 цагийн орчимд уг иргэнийг осголтын шинж тэмдэгтэйгээр олсон байна.
Хил хамгаалах байгууллагад ашиглаж буй орчин үеийн дэвшилтэт техник, технологи болох дрон нь улсын хил хамгаалалтад төдийгүй ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна хэмээн Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.