Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-ийг нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, дөрвөн пост, оношилгооны таван төвд нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антенн суурилуулжээ.
Монгол улсын хэмжээнд орон нутагт 470 мянга орчим, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ба эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах юм.
Энэхүү ажлыг өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 1-нээс эхлүүлж байна.
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасантай ярилцлаа.
-Тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил лхагва гаригт эхлэх талаар мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ нь тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем.
Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийг, нэгдсэн хяналт, зохицуулалтыг бий болгох, тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэн Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх юм.
Энэ хүрээнд RFID технологийг нэвтрүүлж, улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний эрчмийг хянах, хөдөлгөөнд оролцож байгаа мэдээллийг бодит цагийн горимоор цуглуулна. Ингэснээр замын хөдөлгөөний төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах нэгдсэн мэдээллийг цуглуулж, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийг мэдээллээр хангах боломжийг бүрдүүлнэ.
RFID технологийг нэвтрүүлж нэгдсэн мэдээллийн сан үүсгэх гол зорилго нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцох үйл ажиллагааг бүрэн цахимжуулж замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх, иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах боломжийг бүрдүүлэх юм.
Энэхүү төслийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох нэгдсэн санг үүсгэх, тулгамдсан асуудал, нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах. төлөвлөлт хийх, иргэдийг зам, тээвэртэй холбоотой мэдээллээр хангах боломжтой дэд бүтцийг бий болгоно.
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ буюу RFID tag суурилуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаж энэ гуравдугаар сард багтаан суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Улсын хэмжээнд нийт тээврийн хэрэгсэлд суурилуулахад туршилт, тохируулга болон мэдээллийн сангуудыг нэгтгэх, худалдан авах ажиллагаатай холбоотой зарим асуудлыг үе шаттайгаар төлөвлөх зайлшгүй шаардлага үүсэж байна.
Иймээс гуравдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгслүүдэд суурилуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлсөн. Иргэдийн хувийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулах ажлыг эхлүүлэхээс 14 хоногийн өмнө байршил болон бүртгүүлэхтэй холбоотой нарийвчилсан мэдээллийг иргэдэд нэгдсэн журмаар мэдээлэл өгнө.
-Тээврийн хэрэгслийн RFID чипийг хаана суурилуулах вэ, хөдөө орон нутаг сумд, дүүргүүдэд хаанаас чип олгох вэ?
-Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ буюу RFID tag суурилуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төвүүдээр эхний ээлжид зохион байгуулна. Дараа нь үе шаттайгаар томоохон худалдааны төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний газруудад тусгайлсан цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна.
-Чип дотроо мөнгө байршуулах боломжтой болов уу. Иргэд чипэнд зориулан шинэ данс нээлгэх үү, эсвэл өөрсдийн данстайгаа холбуулж болох уу?
-Энэхүү RFID tag зөвхөн өгөгдөл дамжуулах технологи учир банкны карт, нийтийн тээврийн цахим карт шиг мөнгө байршуулах боломжгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь RFID уншигч байршуулах хэсэгт орж ирэхэд л таньж мэдээллийн санд өгөгдөл дамжуулах л технологи юм.
-Цуглуулсан мэдээллийн дагуу торгууль, хот хоорондын постонд мөнгө төлдөг мэдээлэл нь гарч ирнэ гэсэн үг үү?
-Иргэд өөрсдийн хүсэлтийн дагуу төлбөрийн нэгдсэн системийн хүрээнд авто замын хураамж болон тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой төлбөрийг RFID tag-ны тусламжтайгаар төлөх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Төлбөрийн нэгдсэн системийг боловсруулах ажлыг Сангийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-RFID системийг нэвтрүүлснээр гарах үр дүн нь юу вэ?
-Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд иргэдэд үйлчилгээг хурдан шуурхай, хялбар байдлаар хүргэхийн тулд бүх үйл ажиллагаагаа цахимжуулах жил болгон зарласан. Энэхүү технологийн хүрээнд тээврийн хэрэгслийн үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх бөгөөд үүгээр дамжуулан тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн цаашид авто замын хөдөлгөөнийг хянах, мэдээллийг шуурхай авах, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх, торгууль, татвар, даатгалын хяналтыг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм.