Бормагнайн Баатар гэх 58 настай, халимаг эр Монголын хилээр орж чадахгүй “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд, хилийн зурвас дээр зургаа хонож байна. Тэрээр өөрийнхөө фэйсбүүк хаягаар Монголын хил дээр дөрөв хонож буйгаа тайлбарлаж, элэг нэгтнүүдээсээ тусламж гуйсан юм.
Түүний постыг уншсан монголчууд “Халимаг эрийг Монголын хилээр оруулахгүй, чирч гаргах, баривчлах гэж оролджээ. Одоо хүртэл Хөшигтийн хөндийн терминал дээр дөрөв хонож байгаа юм байна. Оросоос зугтаж улс төрийн орогнол хүссэн хүнийг ингэж буцаан гаргах гэж оролдсоор байна”, “Халимаг, Тува, Өмнөд Монгол, Буриадууд зовсон цагтаа Монгол руугаа л тэмүүлдэг. Тэдний хувьд Ардчилсан Монгол Улс бол эрх чөлөөний диваажин байх ёстой. Түүнийг оруул”, “Монголын хил дээр орогнол хүсч ирсэн, дүрвэсэн монголчуудаа ямар ч хаалтгүйгээр хилээр оруулах нь эрх чөлөөт, ардчилсан орны нэгдүгээрх том шинж чанар. Оруулж ирээд тусад нь байлгах юм уу, хууль хяналтын байгууллагын хараанд байлгахад болох биш үү”, “Хэрвээ Монгол Улс Баатар гэх энэ халимаг эрийг хил дээрээсээ буцааж, Орост хүлээлгэж өгвөл Ардчилсан гэх зарчмаасаа ухарсан үзэгдэл болно”, “Монгол Улс олон улс болоод НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, орогнол хүссэн халимаг эрийг хилээрээ нэвтрүүлэх ёстой” хэмээн үзэл бодлоо илэрхийлж, хүний эрх талаас нь энэ явдлыг харж, түүнийг буцаалгүй, хил дээрээс паспортын асуудлыг нь яаралтай шийдэж, дүрвэгч гэх статусаар нэвтрүүлэх ёстой гэцгээж байгаа юм.
10:00 цагийн үед: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд очлоо. Хилийн зурваст буриад ч юм уу, халимаг ч юм уу нэгэн эр байгаа тухай уулзсан хүмүүс ярьж байлаа. “Нисэх буудлын ажилчид ээлж ээлжээр хоол өгч байгаа гэсэн”, “Даралт нь ихсээд эмчийн хяналтад байгаа гэсэн шүү” хэмээн элэг нэгтнийхээ тухай сонссоноо ярьж байна. Ямартай ч Орос руу барьж өгчихөөгүй байгаа юм байна, хилийн зурвас гэх энэ хананы цаана Монголоо гээд тэмүүлээд ирсэн халимаг эр Б.Баатар байгаа л юм байна гэдэг эхний мэдээллээ ийнхүү олж авлаа. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын захиргааны хувьд “Тэр хүн манай байгууламжид байгаа нь үнэн. Чухам ямар шалтгааны улмаас хил дээр гацаад байгааг бид мэдэхгүй, хилийн цэргийнхэн мэднэ” гэх тайлбар өгсөн юм. Бормагнайн Баатарын оруулсан постноос үзвэл 10 жилийн хугацаагаар авсан паспортын хүчин төгөлдөр хугацаа нь 2023 оны хоёрдугаар сарын 22-нд дуусчихаж. Яг тэр өдөр Б.Баатар Казахстаны нисэх буудал дээр Монгол руу нисэх нислэгээ хүлээж байжээ. Уг нь тэрээр хоёрдугаар сарын 20-нд Казахстанаас нааш Монгол руу нисэхээр бүх юмаа жин тан болгочихсон байж. Харамсалтай нь Казахстаны тал тодорхойгүй шалтгаанаар түүний Монгол руу нисэх хугацааг нь хойшлуулснаас энэ бүх асуудал дэвэрсэн байна. Хамгийн гол нь түүнийг дууссан паспорттой нь Казахстанаас Монгол руу хоёрдугаар сарын 23-ны өглөө нисгэчихсэн байхад Монголын тал ч мөн адил дайн байлдаантай улс орноос дүрвэж, орогнол хүсч ирж байгаа элэг нэгтнээ Казахстантай адил нэвтрүүлчихэж болох байж гэсэн өнцөг гарч байгаа юм.
Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь хилийн цэргийн 0218-р ангийн захирагчийн хувьд Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрмээ баримталж, паспортын хугацаа нь дууссан гадны иргэнийг хилээр нэвтрүүлэх боломжгүй гэсэн албаны тайлбарыг өгөв. Энэ талаас нь харвал мэдээж манай хилийн цэргийнхний зөв. Гадаад орныг зорьж буй хэний ч хувьд эхлээд гадаад паспортынхаа хугацааг хэзээ дуусахыг шалгадаг нь зайлшгүй хийх үйлдэл л дээ.
Торгуудууд, халимгуудаас авсан мэдээллээр Б.Баатарын аав Бормагнай нь түүхч, судлаач. Эх түүхээ нэлээд сайн судалсан хүн юм байна. Харин Б.Баатарын хувьд дэлхийн монголчуудын ардчилал, хүний эрх, үндэсний цөөнхийн төлөө тэмцэл, үйлсээрээ нэрд гарсан тэмцэгч, хүний эрхийн төлөөх зүтгэлтэн. Хэдийгээр хилийн цэргийнхэн түүнийг хилээр оруулах боломжгүй гэж байгаа ч Казахстан улс паспортын хугацаа нь дууссан, эх нутаг, элгэн түмнээ гэж зүдэрч, ядарч явааг нь ойлгоод хилээр гаргачихсан байгааг бас харж үзэх ёстой болов уу. Өөрийнх нь постолсноор түүнийг хоёр хүн чирч гулдарч, онгоцонд суу гэж албадаж, “пүрэв гаригт (маргааш) Орос руу чинь явуулна, Орост чинь хүлээлгэж өгнө” гэж хүрмийг нь урж тасдахын наагуур “оролджээ”. Энэ талаар хилийн цэргээс тодруулахад “Авиа компанийн хоёр ажилтан та онгоцондоо сууна уу гэхэд тухайн хүн татгалзсан. Түүнээс биш чирч хөөсөн зүйл байхгүй” гээд тухайн үед хийсэн бичлэгээ харууллаа. Бичлэгт Б.Баатар явагчдын танхимын сандал дээр хүрмийнхээ энгэрийг задгайлаад сууж байх бөгөөд энгийн хувцастай хоёр эр хоёр талаас нь татаж босгох гэтэл тэрбээр татгалзаж, гараа суга татаж аваад суудал дээрээ налсхийн гэдийж байгаа биеийн хэлэмжээс нь үзвэл буцах онгоцонд суухгүй гэдгээ илэрхийлжээ гэж дүгнэж болно.
13:30 цагийн үед: Хилийн цэргийнхэнд зорьж ирсэн учраа дахин тайлбарлаж, Б.Баатар хилийн зурваст байгаа эсэхийг нүдээр үзэж, биеийнх нь байдлыг асууж мэдмээр байгаа тухайгаа хэлбэл дотогш нэвтрэх хориотой, түүнд эмнэлгийн тусламж үзүүлж, хоол, уух шингэн юм өгч байгаа хэмээгээд түүний зургуудыг харууллаа. Зургуудад Б.Баатар хилийнхэнтэй инээгээд энгийн яриа өрнүүлж байгаа ч хөлс нь бурзайж, нэлээд ядрангуй буй нь нүүрний өнгө төрх байдлаас нь шууд анзаарагдлаа. Хажууд нь онгоцны хоолонд өгдөг хачиртай талх гэх мэтийн идэх юм харагдав. Бас дүрдэг цай, цэвэр ус, кофены аяга ч байна. Хилийн цэргийнхэн өөрсдийн дарсан зураг, бичлэгийн хүрээнд иймэрхүү мэдээлэл өгөв.
14:00 цагийн үед: Энэ үеэр мэргэжлийн эмчтэй холбогдож цусны даралт ихэссэн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг, хөлс нь асгарч ядрангуй харагдаж буй нь хэр аюултай эсэх талаар тодруулахад “Тэр хүний зургийг харсан. Царай нь нэлээд бараан харагдаж байна лээ. Шоконд орохоор хөлс бурзайдаг. Хөлс гарч, царай хүрэнтэнэ гэдэг цусны эргэлт удааширч байна гэж үзнэ. Ер нь бол энэ шинж тэмдгүүд энэ хүн бол ер нь эрсдэлтэй байгаа юм байна шүү, эмнэлгийн тусламж үзүүлээрэй гэсэн дохио” гэж зөвлөлөө.
Б.Баатар “Тернимал” гэж кино л санаанд орж байна. Яг тэр үйл явдал над дээр давтагдаж байна хэмээн бичсэн нь анхаарал татсан юм. Ээжийгээ хайхаар Европ руу явах гэж гараад Парисын онгоцны буудал дээр бичиг баримтын зөрчилтэй гэгдэн саатуулагдаж, терминал дээр 1988 оноос хойш бүхэл бүтэн 18 жилийн турш амьдарсан бодит хүний түүх бий. Түүний амьдралаас сэдэвлэсэн “Тернамил” гэж алдартай киног монголчууд үзсэн байх. Тэр үйл явдал яг одоо Монголын хил дээр, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр давтагдаж байна. Онцлог нь, дайнтай бүсээс, дайнтай улсаас ирж буй элэг нэгтнээ оруулахгүй байгаа нь энэ киноноос ялгаатай байна. Өнөөдрийн дотор ямар нэг арга хэмжээ авч, түүний асуудлыг ГХЯ нааштайгаар шийдүүлэх тал дээр дорвитой хөдлөхгүй бол Б.Баатар гэх энэ халимаг Монголыг Орост баривчилж өгөх нь Ардчилсан, энэрэнгүй Монгол Улсыг НҮБ болон олон улсад хүний эрхийн мэдрэмжгүй, хүний эрхийг хамгаалах алхмаасаа ухарсан үйлдэл хийлээ хэмээн дүгнэхэд хүргэх нь байна шүү. Хилийнхний хувьд “Бид мэдээж элэг нэгтнээ, монголчуудаа гэнэ. Гэвч тэр хүний паспорт дээр Оросын иргэн, энэ паспорт Орос улсын өмч гэж бичсэн байгааг мартаж болохгүй. Хугацаа нь дууссан паспорттайг нь мэдсээр байж хүлээж авах нь манай улсын хуультай харшилдаж байгаа юм. Энэ хүнийг нэвтрүүлбэл бид өөрсдөө хууль зөрчсөн болно. Энэ хүн шиг хил дээр ирж гацсан тохиолдолд нутаг руу нь л буцаахаас эндээ байлгаж, паспортын зөрчлийг нь арилтал байлгах хууль эрхзүйн баримт бичиг байдаггүй. Хэрвээ тийм хууль дүрэм байсан бол энэ хүнийг хилийн зурвас дээрээ байлгаж болно. Харамсалтай нь одоогоор тийм заалт байдаггүй учир түүнийг гаргахаас өөр аргагүй” гэсэн юм. Тэгэхээр Монголоо гээд ирж байгаа элэг нэгтнүүдээ хилээрээ оруулах нөөц заалт, холбогдох хууль дүрэм журам огт байдаггүй гэдэг нь Б.Баатарын энэ тохиолдлоос харагдлаа. Манай хууль санаачлагчид дүрвэж, орогнол эрж ирж байгаа элэг нэгтнээ хүлээж авдаг хуулийг яаралтай санаачилж, хэлэлцүүлж батлуулах цаг нь болчихжээ. Харин манай Гадаад харилцааны яам хойд хөрштэйгөө дипломат түвшинд яривал Б.Баатарын паспортын асуудлыг нэг өдөрт л нааштай шийдэх боломжтойг хүний эрхийн шинжээчид ярьж байна.
18:30 цагийн үед: Б.Баатартай холбогдоход маш их ядарч сульдаж, шөнөдөө унтаж чадахгүй байгаа учир нойр нь хүрч бараг зогсоогоор нүд нь анилдаж буйгаа хэллээ. Тэрбээр “Юуны түрүүнд монголчууддаа, элэг нэгтнүүддээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Миний хувьд Монгол Улсыг ардчиллын баянбүрд, эрх чөлөөний арал гэж дотроо итгэдэг билээ. Тийм ч учраас эцсийн найдлага тавьж Монгол руу тэмүүлсэн ч замдаа надаас шалтгаалахгүй гэнэтийн нөхцөл байдал үүсч паспортын зөрчил гарсанд харамсаж байна. Миний хувьд өөр очих газар, өөр тэмүүлэх нутаг үгүй. Монгол Улсын хил дээр ирээд паспортын зөрчил гаргасандаа хилийн алба хаагчдаасаа маш их уучлал хүсч байна. Миний буруу. Би нэгэнт зорьж тэмүүлээд маш их эрсдэлийг туулаад ирчихсэн учир надад буцах газар байхгүй. Монгол бол миний эцсийн найдвар болчихоод байгаа учир элэг нэгтнүүд минь миний нөхцөл байдлыг аль болох ойлгож хилээр нэвтрэхэд тусална уу хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Бид сүү, цайны дээжээ Монгол руугаа өргөж, хэзээ нэгэн цагт Монголдоо очно доо гэж ярьцгааж сэтгэл зүрх минь үргэлж нааш тэмүүлж байдгийг та бүхэн минь мэдээсэй гэж хүсч байна. Хэрвээ замдаа саатаагүй байсан бол Монголынхоо хилээр асуудалгүй нэвтрэх байсан. Бүх зүйлд би буруутай. Замдаа саатаж магадгүй гэж хоногоо дутуу тооцоолсондоо маш их харамсаж байна. Намайг хүлээж авна гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.
Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь аюул учирч байгаа тул Монгол Улсад улс төрийн орогнол олгохыг хүсч буйгаа албан ёсоор илэрхийллээ.
Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруул