"IHC" койныг зах зээлд гаргасан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ.
Энэ талаар трейдэр Б.Эрхэмбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллэхдээ, "Дөнгөж сая намайг 30 хоног хорих шийдвэр гарлаа. Хоригдож байгаа шалтгаан гэм буруутай гэсэн шүүхийн эцсийн шийдвэр биш, хорьж байгаад шалгалтаа явуулах гэж байгаа" хэмээжээ.
"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг энэ сарын 6-нд суллаж, хилийн хориг тавьсан байсан юм. Гэвч үүнээс хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 14-нд О.Мөнхжинг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.
Тэгвэл шүүхээс өчигдөр Б.Гантигийг цагдан хорих шийдвэр гаргасан бол өнөөдөр Б.Эрхэмбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.