Сар шинийн баярын дараа хэрэглэхгүй тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ хог руу хаяхаасаа урьтаж бусдад хандивлах, дахин боловсруулахыг Баянзүрх дүүргээс уриалжээ.
Энэ талаар БЗД-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Улсболд "Иргэд цагаан сарын идээгээ ил задгай, хог эсвэл уул овоон дээр хаядаг тохиолдол олон жил давтагдаж байна. Тийм учраас манай дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс хэрэглэхгүй ул боов, еэвэнгээ хэрэгтэй хүнд нь өгөх энэхүү арга хэмжээг анх удаа зохион байгуулахаар болсон. Хэрэглэхгүй тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ өгөхийг хүссэн иргэд өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 4-ний өдөр хүртэл хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон хороон дээрээ хүргэж өгөх боломжтой юм.
Баянзүрх дүүргийн 44 хороонд цугларсан тухайн бүтээгдэхүүнийг зорилтот бүлгийн иргэдэд тараах эсвэл дахин боловсруулна. Мөн энэхүү арга хэмжээ дууссаны дараа хэр их бүтээгдэхүүн дахин боловсруулсныг, хэдийг нь зорилтот бүлгийн иргэдэд өгснийг нэгдсэн байдлаар мэдээлнэ" гэлээ.
Сэтгэгдэл (1)