Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ирэх лхагва гаригт тохиож байна. Энэ өдөр хууль ёсоор бүх нийтээр амардаг уламжлалтай.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог ба эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг. Манай улсын хувьд жил бүрийн энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьж, сонсож, дуу хоолойгоо өргөж тэдэнд тулгарч буй асуудал, бэрхшээлд анхаарлаа хандуулдаг билээ.
Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай тус баярыг Зүүн Европ, Орос зэрэг хуучин Зөвлөлтийн блокийн орнуудад өргөн тэмдэглэдэг энэхүү баярыг Нэгдсэн Үндэстний Байгууллага анхны улс төрийн, хүний эрхийн утгыг нь хадгалж, эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, улс төр, нийгмийн анхаарлыг хандуулахад зориулж 1975 оноос тэмдэглэж иржээ.