Энэ сарын 26-ны өдрийн 09:00 цагийн үед “үл таних 20-25 орчим насны хоёр хүн гар утсыг нь маань дээрэмдсэн. Улмаар айлган сүрдүүлж, утасны код гаргуулан авч, данснаас 18 сая төгрөгийг авсан байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласан байна.
Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэн, интернет банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлсэн байжээ. Мөн тэднийг тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.