Монгол Улсын аврах баг байгалын гамшигт өртсөн Турк Улсад энэ сарын 8-16-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирлээ.
Эрэн хайх, аврах багийнхан “Эрэн хайх бүлэг”, “Аврах бүлэг”, “Эмнэлгийн бүлэг” гэсэн гурван бүлэгт хуваагдан ажилласан бөгөөд аврах багт Балу, Марта дуудлагатай хоёр мөрч нохой үүрэг гүйцэтгэсэн юм.
Аврагчид барилгын нуранги дороос найман хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (үүнээс 6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгчээ.
Харин эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Тэд БНТУ руу илгээсэн таван тонн махан нөөш, 1 тонн лаа, 1,000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг хүмүүнлэгийн тусламжийн хамтаар хүргэсэн юм.
Шадар сайд С.Амарсайхан алба хаагчдыг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд тосов.
Тэрээр “Улсаа төлөөлөн олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцоно гэдэг маш том үүрэг хариуцлага. Дэлхийн 70 орчим улсын 11,000 гаруй аврагчтай мөр зэрэгцэн ажиллаж, үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараар олон улсын түвшинд хүрсэн шилдэг алба хаагчид болохоо батлан харуулсан та бүхнээр Монголын ард түмэн бахархаж байна.
Онцгой байдлын байгууллагын шилдэг залуус, Зэвсэгт хүчний туршлагатай эмнэлгийн багийнханд энэ үүргийг өгөхдөө амжилттай биелүүлээд ирнэ гэдэгт төр засаг, түмэн олон чинь итгэлтэй байсан. Энэ итгэлийг дааж, үүргээ нэр төртэй амжилттай биелүүлээд ирсэн та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа дахин талархал илэрхийлье” гэв.
Сэтгэгдэл (1)