Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар тавдугаар сард осгосон бугын илийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэж байсан. Тухайн бугын илийг 2022 оны арваннэгдүгээр сард Богдхан ууланд олны хөл хөдөлгөөнөөс хол ижил сүрэгтэй нь нутагшуулахаар болсон билээ.
Хамгаалалтын захиргаанаас “Мөнгөн эгшиг” компанийн талбайд өсгөж буй бугын илийнүүдийн өвөлжилтийн байдалтай энэ сарын 14-нд танилцсан байна. Борхүү болон бусад бугын илий өнтэй өвөлжиж байгаа, ирэх тавдугаар сард Богдхан ууланд нутагшуулна хэмээн Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас мэдээллээ.
Богдхан ууланд буй зэрлэг амьтад болох буга, янгир, гөрөөс, зээр өвлийн цагаар хот орчмын бүсэд орж ирж байгаа бөгөөд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид өдөр тутмын хяналт тавьж, үе шаттайгаар биотехникийн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.